Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) витилиго буюу арьс цайх өвчнийг эмчлэх зориулалттай ууж хэрэглэдэг шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болжээ. Энэхүү эмчилгээг Дубай хотноо болсон арьс судлалын 10 дахь удаагийн олон улсын бага хурлын үеэр албан ёсоор танилцуулсан байна.
Уг эм нь эл өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох биеийн янз бүрийн хэсэгт ихэвчлэн тэгш хэмтэй цагаан толбо үүсдэг тархмал хэлбэрийн витилигогоор өвдсөн хүмүүст зориулагдсан байна. Эмийг зөвхөн эмчийн жороор олгох бөгөөд хэрэглэх тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг мэргэжлийн эмч тогтоож өгөх аж.
Витилиго нь дархлааны тогтолцоо арьсанд өнгө ялгаруулдаг эсүүдийг гэмтээсний улмаас үүсдэг архаг өвчин юм. Үүний улмаас арьсны зарим хэсэгт өнгө алдагдаж, цайвар толбо үүсдэг байна. Бага хурлыг зохион байгуулагчдын мэдээлснээр, дэлхийн хүн амын 1-2 хувь нь витилигогоор өвчилсөн бөгөөд нийт тохиолдлын тал орчим хувьд нь 20 нас хүрэхээс өмнө илэрдэг ажээ.
Уг өвчин нь ихэвчлэн бие махбодод өвдөлт үүсгэдэггүй боловч өвчтөнүүдийн сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл бичих