АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам завсрын сонгуульд томоохон ялагдал хүлээснээс улбаалан батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг албан тушаалд нь үлдээх эсэх дээр эргэлзэж эхэлсэн бололтой. Учир нь Трамп энэ асуудлаар зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаа гэх мэдээлэл нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалжууд "CBS NEWS"-т мэдээлжээ.
Цагаан ордны зарим албан тушаалтан сонгуулийн ялагдлыг Ираны эсрэг явуулсан дайнтай холбон тайлбарлаж байна. Уг дайнд АНУ-ын талаас бодлого тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэсэн нь Төв командлалын тэргүүн, адмирал Брэд Купер болон Зэвсэгт хүчний Штабын дарга, генерал Дэн Кэйн нар юм. Мөн батлан хамгаалах асуудлыг тэргүүлдэг Хегсетийг буруутгаж байж болох юм.
Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс Бүгд найрамдах намын ялагдлын гол шалтгаан нь дайн байсан гэж мэдэгджээ.
Тэрбээр Лхагва гаригт /2026.11.04/ “Бид ялагдсан шалтгаан бол дайн” гэж X платформд бичсэн байв. Одоогоор Трамп Хегсетийг огцруулах эсэх эцсийн шийдвэрээ гаргаагүй бөгөөд түүний оронд Флорида мужийн захирагч Рон Десантисийг томилох хувилбар яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Түүнийг ирэх онд шинэ албан тушаалд томилох хувилбар яригдаж байна.
Гэхдээ Трамп Лхагва гаригт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Хегсетийг огцруулах талаар бодож байгаа эсэхийг үгүйсгэж, “Миний бодлоор тэр ажлаа маш сайн хийж байгаа” гэжээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли "Ерөнхийлөгч батлан хамгаалахын сайдад бүрэн итгэл хүлээлгэж байгаа" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ардчилсан намынхан сонгуулиас өмнө Хегсетийг огцруулах зорилгоор импичмент зарлах оролдлого хийж байсан. Тиймээс Конгрессын хоёр танхимд олонх болсон нөхцөлд энэ асуудлыг дахин хөндөх магадлал нэмэгдэж болзошгүй байна.

Сэтгэгдэл бичих