Прокуроруудын мэдээлснээр, Жошуа Вонг болон түүний хамтран зүтгэгч, гадаадад цагаачлан амьдарч буй идэвхтэн Нэйтан Лоу нар 2020 оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд гадаадын засгийн газруудад хандан Хятад болон Хонконгийн эрх баригчдын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалж байжээ. Мөн Бээжингийн эсрэг олон улсын дарамт шахалт нэмэгдүүлэхийг зорьсон гэж буруутгасан байна. 30 настай Вонг өмнө нь ардчиллын төлөөх үйл ажиллагаанд оролцсоноосоо болж хэд хэдэн удаа хоригдож байжээ.
Тэрбээр төрийн эрхийг хууль бусаар өөрчлөхийг завдсан хэрэгт 56 сарын хорих ял эдэлж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард суллагдах байсан.
Гэсэн хэдий ч энэ удаагийн хэргээр дахин 10 жилийн ял сонслоо. Шинэ ялын хоёр сар хоёр хоногийг өмнөх ялтай нь давхар эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна.
Жошуа Вонг 2011 онд 14 настайдаа ардчиллыг дэмжигч сурагчдын "Scholarism" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, олны анхааралд өртсөн юм. Тус хөдөлгөөн 2012 онд сургуулиудад заавал эх оронч үзлийн боловсрол олгох төлөвлөгөөг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүнийг нэгтгэж, эрх баригчдыг уг шийдвэрээсээ татгалзахад хүргэж байв. Тэрбээр 2014 оны “Шүхэрт хувьсгал”-ын үеэр Хонконгийн ардчиллын төлөөх тэмцлийн хамгийн танигдсан төлөөлөгчдийн нэг болсон. Харин 2020 онд Бээжин Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсний дараа түүний эсрэг шүүх ажиллагаанууд нэмэгдсэн байна.
Хүний эрхийн “Amnesty International” байгууллага Жошуа Вонгт оноосон ялыг "Эрх баригчид нэр нөлөө бүхий шүүмжлэгчдийг дуугүй болгохын тулд ямар арга хэмжээ авч байгааг харуулж байна" гэж өмнө нь шүүмжилж байсан. Хонконгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарладаг. Харин шүүмжлэгчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, хотын бие даасан байдлыг сулруулж байна гэж үздэг.
Өмнө нь уг хуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн магнат асан Жимми Лайд 20 жилийн хорих ял оноосон. Түүнийг мөн адил гадаадын хүчинтэй хуйвалдсан хэрэгт буруутгасан юм.

Сэтгэгдэл бичих