Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ


11-р сарын 5
16 цаг 03 минут

Европын улс орнуудад хөргүүр, хөлдөөгчийн системийг онилсон кибер халдлагууд үргэлжилж байна. Тэр дундаа цусны нөөц хадгалах төв болон банк дараагийн хохирогч болоод байна. Тодруулбал, Даваа гаригт /2026.11.02/ Францын Цусны үндэсний төвийн (EFS) гурван байгууламжийн цус хадгалах хөргүүр кибер халдлагад өртжээ.

Хакерууд хөргүүрийн температур болон гэсгээх тохиргоог хэт өндөр түвшинд хүргэх оролдлого хийсэн байна.

Ердийн үед хасах 30 хэмд хадгалдаг цусны нөөцийн савны температурыг 110 хэм хүртэл нэмэгдүүлэхээр оролдсон гэж Францын “Le Canard Enchaîné” сонин мэдээлсэн байна. Халдлагыг хяналтын систем цаг алдалгүй илрүүлж, ажилтнууд цусны нөөцийг өөр газар шилжүүлэх болон аюулгүй нөхцөлд хадгалах арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд цусан бүтээгдэхүүн, шинжилгээний сорьцын аль нь ч гэмтээгүй бөгөөд цус цуглуулах, эмнэлгүүдэд түгээх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус төвөөс мэдэгдсэн байна.

Мөн Францын баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Credit Mutuel Arkea” банк Лхагва гаригт /2026.11.04/ кибер халдлагын улмаас зарим үйлчилгээгээ түр зогсоосон байна. Халдлагын үеэр банкны системд нэвтэрсэн этгээдүүд хууль бус гүйлгээ хийсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 133 сая ам.долларыг криптовалютын данс руу шилжүүлсэн байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин банк халдлагыг хяналтад авсан, харилцагчдын хөрөнгөд хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна.

Халдлага нь хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Coolworld” компанийн системийн эмзэг байдлыг ашигласантай холбоотой байж болзошгүй аж. Одоогоор Францын Үндэсний кибер аюулгүй байдлын агентлаг болон Эрүүл мэндийн яам уг хэргийг шалгаж байгаа бөгөөд халдлагын ард хэн байгааг тогтоогоогүй байна. Энэ нь аравдугаар сарын дундуур Франц, Бельги, Нидерландын хэдэн зуун супермаркет, жижиг дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгчийг онилсон халдлагатай төстэй юм. Тухайн үед хөргүүрийн температур нэмэгдсэний улмаас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудаж, дэлгүүрүүд ихээхэн хохирол амссан билээ.

Тухайлбал, халдлагад өртсөн Нидерландын “Ahold Delhaize” сүлжээ дэлгүүр энэ оны дөрөвдүгээр улиралд борлуулалт нь 281 сая ам.доллар хүртэл буурч болзошгүйг мэдэгджээ. Мөн үйл ажиллагааны орлого нь 112 сая ам.доллараар буурах эрсдэлтэй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Франц Мюллерийн мэдээлснээр, халдлагын улмаас үүссэн саатлын ихэнхийг хоёр долоо хоногийн дотор арилгасан ч системүүдийг бүрэн хэвийн ажиллагаанд оруулах ажил үргэлжилж байгаа аж.

Эдгээр халдлага нь интернетэд холбогдсон хөргүүр, хөлдөөгч зэрэг ухаалаг төхөөрөмжүүд болон эмнэлэг, хүнсний хангамжийн систем зэрэг чухал дэд бүтцийн кибер аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатайг дахин харуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина35 минут 1 секундын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав35 минут 41 секундын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ36 минут 30 секундын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ42 минут 28 секундын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"43 минут 3 секундын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна43 минут 49 секундын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува44 минут 17 секундын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ44 минут 47 секундын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв45 минут 21 секундын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна46 минут 16 секундын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.