vАНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам олонх болж байгаа тул цаашид Украинд илүү их туслана гэж найдаж байгаагаа Зеленский илэрхийллээ. Завсрын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд ч, Сенатад ч олонх болж байгаа юм. Европын албан тушаалтнууд ч шинэ Конгрессыг Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, цуст мөргөлдөөнийг зогсоохыг шаардаж байна.
Зеленский Германы хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би Бүгд найрамдах намд талархдаг ч гэлээ Ардчилсан намынхан Украиныг дэмжих, туслах талаар илүү тодорхой ярьдаг. Тэд АНУ болон Европын харилцаа холбоог шинэчлэх талаар дуугардаг. Тиймээс эрх мэдлийн тэнцвэр бий болж, бид илүү их тусламж дэмжлэг хүлээн авна гэж найдаж байна. АНУ-ын тусламж нэмэгдэх нь Путинд ч нөлөөлнө. Конгресс яг өнөөдрийн Европ шиг хэмжээнд тусламж үзүүлээд, яриад эхэлбэл Путинд нөлөөлнө" гэжээ.
Шинэ Конгресс Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Орост шахалт үзүүлнэ гэж найдаж буйгаа Европын холбооны гадаад бодлогын зөвлөх Кажа Каллас мөн илэрхийлэв. Тэрбээр Европ, АНУ хамтдаа байвал илүү хүчирхэг гэдгийг онцолсон юм.
Гэхдээ Европ тэр аяараа нэг санаатай байгаа юм биш. Тухайлбал, Германы удирдагчид хуваагдмал байр суурьтай байгаа аж.
Канцлер Фридрих Мерц Ардчилсан намынхан үнэмлэхүй ялалт байгуулсан ч Трамп бодлогоо өөрчилнө гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Трамп өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дандаа Конгрессыг тойрч засагласан тул одоо энэ байдал тэгтлээ өөрчлөгдөхгүй гэж тэр үзэж байна. Харин Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул илүү итгэлтэй байна. Тэрбээр Ардчилсан намын үнэмлэхүй ялалт нь Украин болон Ираны дайныг дуусгах шинэ санаачилгыг хэрэгжүүлэх боломжийг бий болгоно гэж найдаж байна.
Түүнчлэн Австрийн Гадаад хэргийн сайд Беате Майнл-Райзингер "Австри болон Европын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт нь Канзас эсвэл Айова мужийн иргэдийн санал өгөх сонголтоос хамаарах ёсгүй. Тийм ч учраас бид өөрсдийн батлан хамгаалах чадавх болон өрсөлдөх чадвараа бэхжүүлж байна" гэжээ.
Харин ОХУ-ын хувьд Трамп сонгуулийн үр дүнгээс үл хамааран энхийн хүчин чармайлтаа таслахгүй үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ямартай ч АНУ-ын Ардчилсан намын эх сурвалжууд өмнө нь хэвлэлд мэдээлэлд өгөхдөө олонх болж чадвал Украинд туслах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно гэж байв. Гэвч юмс хурдацтай өөрчлөгдсөөр байна.
Дашрамд дурдахад, Зеленский 2025 оны хоёрдугаар сард Цагаан ордны Зууван танхимд бүтэлгүйтсэнээсээ хойш Трамптай төдийлөн сайн харилцаатай байхаа больсон. Тухайн үед Трамп түүнийг АНУ-ын тусламжид талархалгүй хандсан гэж буруутгаж байв. Үүний зэрэгцээ Трамп сүүлийн үед Орост тус болох хэд хэдэн алхам хийлээ. Үүний нэг нь Оросын дизель түлшийг импортлох гэрээ байв. Түүнчлэн өнгөрсөн сард тэрбээр Конгрессын олонхын саналаар баталсан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл бичих