Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болов. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл "Монгол, Оросын харилцааны 105 жилийн түүхэнд ололт амжилт ч бий, алдаа оноо ч бий. Энэ бүхнийг эрдэмтэн, судлаачид түүхэн баримтад тулгуурлан үнэн зөвөөр судалж, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх учиртай.
Орчин үеийн нөхцөл байдал ямар байгааг судалж үнэлэхийн зэрэгцээ эрдэмтэн, судлаачид улс төрчид болон шийдвэр гаргагчдад санал зөвлөмж хүргэх үүрэгтэй. Бид өөрсдөө шийдвэр гаргагч биш, харин шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгдөг хүмүүс.
Өнөөдрийн хурал нь хоёр орны найрамдалт харилцаа, түүхэн хөгжлийг үнэлж дүгнэхээс гадна гарсан үр дүн, зөвлөмжийг шийдвэр гаргах түвшинд хүргэх ач холбогдолтой. Монгол Улс газарзүйн байршлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог. Тиймээс хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай байх нь манай улсын гадаад бодлогын чухал чиглэл юм.
Хамгийн сүүлд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөллийн талаар ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтарсан судалгаа хийлээ. 2024 онд Москва хотод болсон Засгийн Газар хоорондын уулзалтын үеэр энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлахаар Монгол болон Оросын Шинжлэх ухааны академийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хоёр жилийн хугацаанд ажилласан.
Хэрэв хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарах байсан бол түүнийг албан ёсоор танилцуулж, олон жил үргэлжилсэн маргаанд цэг тавих зорилготой байсан. Судалгааны ажлын нэгдсэн дүнг энэ сарын 19-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүргүүлнэ. Урьдчилсан дүгнэлт саяхан Эрхүү хотод болсон ажлын хэсгийн хамтарсан хурлын үеэр гарсан.
Монголын талаас санал болгосон технологийн болон техникийн шийдлүүдэд үндэслэн хийсэн судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд онц сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэсэн зарчмын дүгнэлтэд хүрсэн" гэв.

Сэтгэгдэл бичих