Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана


11-р сарын 3
19 цаг 49 минут

Монголбанкны мэдээлснээр, 2026 оны есдүгээр сарын байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэлтэй 1.2 сая зээлдэгч байна. Үүний 66.4 хувь нь өр, орлогын харьцаа 45 хувиас дээш байгаа нь зээлдэгчдийн дунд орлоготойгоо харьцуулахад өндөр дүнтэй зээлтэй иргэд олон байгааг харуулж байна.

Хэрэглээний зээлийн чанар муудах эрсдэл анхаарал татаж байна

Мөнгөний бодлогын хорооны мэдээлснээр, санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд хүрч, зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурсан байна. Банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл хэвээр байгааг онцолжээ.

Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байна гэв. Иймд ирэх жилээс зөрүүтэй байдлыг арилгах арга хэмжээ авна гэсэн юм. 

Зээлдэгч хүсэлт гаргаж, банк шийдвэрлэнэ

Банкууд зээлийн хөрөнгийг ангилах, эрсдэлийн сан байгуулах болон ашиглах зохицуулалтын хүрээнд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Гэвч цалингийн, малчны болон автомашины зэрэг өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн хувьд эдгээр хязгаарлалт бүтцийн өөрчлөлт хийхэд мөн үйлчилж ирсэн нь зээлийн хугацааг сунгах боломжийг хязгаарлаж байжээ.

Харин шинэ зохицуулалтаар нэмэлт зээл олгохгүйгээр зөвхөн одоо байгаа зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгах боломж бүрдэж байна. Ингэхдээ тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.

Гэхдээ энэ нь бүх зээлдэгчийн зээлийн хугацааг автоматаар сунгана гэсэн үг биш юм. Зээлдэгч өөрийн харилцдаг банкинд хүсэлт гаргах бөгөөд банк тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдал, зээлийн эргэн төлөлтийн боломж болон өөрийн шалгуурын дагуу шийдвэрлэнэ.

Хугацаа сунгаснаар сарын төлбөрийн хэмжээ буурах боломжтой ч зээлийн нийт хугацаа уртассанаар нийт төлөх хүүгийн хэмжээ өөрчлөгдөх боломжтой аж. 

Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаар бусад макро зохистой бодлогын арга хэрэгслүүдэд өөрчлөлт оруулаагүй бөгөөд макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт болон системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянахаа мэдэгдлээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд жилд хоёр удаа хуралддаг. Тус хороо энэ асуудлаар хамгийн сүүлд 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд хуралдсан бол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд ээлжит хурлаа хийсэн юм.  

ӨМНӨХ ШИЙДВЭР

Өмнөх хурлаар банкнуудын гадаадаас татах санхүүжилтийн хугацаа, бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоногоос гурван жил хүртэлх хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцийн тооцоонд хамруулахаар болсон.

Энэ нь банкнууд богино хугацаатай гадаад эх үүсвэрт хэт түшиглэхээс сэргийлж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой зохицуулалт байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ49 минут 46 секундын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан51 минут 31 секундын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь52 минут 35 секундын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна53 минут 23 секундын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ59 минут 31 секундын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ1 цаг 6 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?1 цаг 8 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана1 цаг 10 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна1 цаг 12 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна3 цаг 19 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.