Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг ГХЯ-нд өнөөдөр боллоо.
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан УИХ-ын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар хоорондын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газраас чиглэл болгосон юм.
Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсныг хэлэлцүүлсэн нь энэ юм. Төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, 15 яам, агентлаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан байна.
Төлөвлөгөөний төсөлд юуны түрүүнд шаардлагатай хууль тогтоомж, стандарт, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэгжилтийн үр нөлөө, уялдаа холбоог дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Агаарын тухай хууль болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж.
Үүний зэрэгцээ айл өрхүүдийн цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах, эрчим хүчний найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах, дулаан болон цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх зэрэг нийт 7 үндсэн бүлгийн 58 ажлыг дээрх хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү төлөвлөгөөнд туссан ажлыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолжээ. Тодруулбал, агаар бохирдуулагч бодисууд болох PМ2.5 тоосонцорыг 66 хувиар, М10 тоосонцорыг 77 хувиар, хүхэрлэг хийг 64 хувиар, азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.
БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир энэ үеэр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, “Өнгөрсөн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд, агаарын бохирдол 27.4 хувиар буурсан гэж гарсан байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан дүгнэлтээр 54 хувиар буурсан гэж гарчээ. Эдгээр дүгнэлтийг нэгтгэвэл, агаарын бохирдол өнгөрсөн хугацаанд 30 орчим хувиар буурчээ гэж үзэхээр болохоор байна.
Агаарын бохирдлын гол шалтгаан бол яндангийн утаа буюу 272 мянган өрхийн галлагаа. Үүн дээр автомашин, үйлдвэрлэл үйлчилгээний газраас гарч буй утаа, угаар нэмэгдэж байна. Гол шалтгааныг бууруулах зорилгоор сайжруулах түлшний хэрэглээг нэмэгдүүлэхээр ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж байна. Цаашилбал, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна" гэлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов. Тус төлөвлөгөөний төслийг ирэх долоо хоногт хуралдах Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдаанаар батлах юм.

Сэтгэгдэл бичих