Уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас үүдэн бэлчээр, усгүй болох эрсдэлтэй тулгарч буй малчдын төлөөлөл Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын хуралд оролцож, малчдын эрх, оролцоог бодлогын түвшинд баталгаажуулах санал дэвшүүлж, “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг танилцуулжээ.
Монголын говийн бүсийн малчдын төлөөлөл Арменийн Ереван хотноо Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хурал (COP17)-д оролцож, бэлчээр, усны эх үүсвэр, улирлын нүүдлийн зам, малчдын уламжлалт мэдлэгийг хамгаалах тухай хөндөн, байгаль хамгаалал, хөгжлийн шийдвэр гаргахдаа малчдын оролцоог хангах шаардлагыг дэвшүүлсэн байна.
Түүнчлэн “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орныхоо говийн бүсэд ч туршин хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь малчдын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан экологийн эмзэг газар нутаг, усны эх үүсвэр, нүүдлийн зам, уламжлалт газар ашиглалтыг тодорхойлж, хамгаалах зорилготой. Тэд байгаль хамгааллын үр дүнг зөвхөн баталсан бодлого, өгсөн амлалт, зарцуулсан хөрөнгөөр бус, хамгаалсан бэлчээр, хүртээмжтэй ус, тасралтгүй нүүдэллэх зам, эрүүл экосистем, малчдын эрхийн бодит хэрэгжилтээр хэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.
Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, ус ашиглалтын төслийн байгальд үзүүлэх нөлөөллийг үнэлэх шаардлагатайг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин Ц.Баттулга тэмдэглээд, сүүлийн үед нүүдэлчин малчид маш их шахагдаж байна. Нүүдлийн уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой авч явахын тулд үүнээс цааш уул уурхай эрхлэх боломжгүй, явах газар байхгүй гэсэн утгаар улаан шугам татаж байна. Орон нутгийн малчдадаа биологийн олон янз байдлын тухай мэдээлэл өгч хувь нэмрээ оруулах болно гэв.

Сэтгэгдэл бичих