Монгол Улсын Ерөнхийлөгчийн 46 дугаар зарлигт тусгасан үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаягийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх зорилтын хүрээнд “Хос бичиг-хаягжуулалт” аяныг зохион байгуулж, шилдэг байгууллагуудаа шалгарууллаа.
Тус аяныг энэ оны 7 дугаар сараас хэрэгжүүлж нийт 194 байгууллагад аянд нэгдэхийг уриалан удирдамжийг хүргэн ажиллажээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Насан туршийн суралцахуйн төв хамтран байгууллагын дотор, гадна орчны хаяг, мэдээллийн самбарт үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хос бичгийн соёлыг төлөвшүүлэхэд чиглүүлэн зохион байгуулж энэ сарын 1-нд шилдгээ тодруулжээ.
Аяны хүрээнд 100 гаруй байгууллага оролцож, монгол бичиг, кирилл бичгийн хосолсон хаягжилтыг нэвтрүүлэх, ажлын байрны орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан байна.
Ийнхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хос бичгийн хэрэглээг байгууллагынхаа орчинд бодитоор нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулахад тэргүүн байрт Даланзадгадын Дулааны цахилгаан станц, дэд байрт Мал эмнэлгийн газар, гутгаар байрт “Эрхэс” төв, Даланзадгад сумын 35 дугаар цэцэрлэг тус тус шалгарчээ.
Монгол Улсын хэлний тухай хууль болон төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бодлогын хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн хэрэглээг төрийн байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн мэдээлэл, үйлчилгээний орчинд нэмэгдүүлэх нь чухал байгааг зохион байгуулагчид онцоллоо.
“Хос бичиг-хаягжуулалт” аяны үр дүн нь байгууллагын хаяг, тэмдэглэгээг хоёр бичгээр илэрхийлэхээс гадна үндэсний бичгээ танин мэдэх, уншиж бичих, өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих