Ажлын хэсэг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-д ажиллаж, 2026-2027 оны өвлийн оргил ачааллын үеийн эрчим хүчний хангамж болон Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй засвар, шинэчлэлийн ажлын явцыг шалгасан байна.
“Диспетчерийн үндэсний төв”-ийн мэдээлснээр ирэх өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ үеийн хэрэглээг дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл болон импортоор бүрэн хангахаар төлөвлөжээ.
Одоогоор “ДЦС-4” төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Улаанбаатар хотын дулааны хэрэглээний 54 хувийг хангаж байгаа бол “ДЦС-3” цахилгаан эрчим хүчний 10, дулааны хэрэглээний 24 хувийг тус тус нийлүүлж байна.
Хоёр станцын үндсэн тоног төхөөрөмжийн их болон дунд засвар үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын нөөц сангаас “ДЦС-4”-т 1.8 тэрбум, “ДЦС-3”-т 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Уг хөрөнгөөр зуухны халах гадаргуу болон бусад тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байгаа юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн танилцуулснаар улсын хэмжээнд эрчим хүчний салбарын 46 компанийн өвөлжилтийн бэлтгэл 92.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай хангамжийг бүрэн хангахад анхаарч ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.

Сэтгэгдэл бичих