Тив дэлхийг зорьсон тамирчдынхаа захыг мушгин ялалтын чимээ хүлээн суудаг монголчуудыг суудлаас нь өндөлзүүлсэн зургаан өдөр өндөрлөлөө. Тодруулбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-нд болов. Лос Анжелесийн олимп ойртсон энэ цаг үед жүдо, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрч буй аравдугаар сард зуузай холбон болсон нь их спортод хайртай түмнийг чамгүй догдлуулж, багагүй шүүмж өрнүүлээд амжлаа.
Дэлхийн нэгдсэн бөхийн төрлүүдийн холбоо (UWW)-ноос зохион байгуулж буй тус тэмцээнд 135 орны 1000 гаруй бөх оролцохоор урьдчилан мэдүүлгээ илгээгээд байсан юм. Дэлхийн шилдгүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангилалд, нийт 30 багц медалийн төлөө өрсөлдөв. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 58 дахь, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын 20 тамирчин бүтэн багаараа зорьсон билээ.
“Астана-2026”-гаас Монголын баг, тамирчид нийт гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцов.
Эмэгтэй баг тамирчид 74 оноогоор долоодугаарт бичигдлээ
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын охид хошой хүрэл медаль, гурван тавдугаар байрын амжилттай өндөрлүүллээ. Онооны нийлбэр дүнгээр 74 оноотойгоор, улс орнуудаас долоодугаарт бичигдэв. Манай эмэгтэй багийн ард буюу наймдугаарт зохион байгуулагч Казахстан улс орсон байна.
Чөлөөт бөхийн төрөл медалийн чанараар бус онооны дүнгээр эрэмбэлдэг онцлогтой.
Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд "Белград-2023" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан хүрэл медаль өвөртөлсөн. Тэрбээр ийн хоёр өөр жинд дэлхийн медаль хүртэж, хошой медальтан болсон юм.
Хоёр дахь хүрэл медалийг 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Х.Болортуяа хүртсэн билээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны тамирчин Алтын Шагаеваг эхний хагаст даралтаар буулган авч үзэгч олныг баярлуулсан.
Харин медалийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Хулан, Э.Дэлгэрмаа, хүрэл медальт Т.Энхжин нар тавдугаарт байрт шалгарав. Тэдний дэлхийн медалиа ихэрлүүлэх зорилго дахин нэг жилээр хойшиллоо.
Эрэгтэй баг тамирчид 35 оноотой есдүгээр байрт оров
Эрэгтэй 10 тамирчнаас гурав нь медалийн төлөө босов. Улмаар нэг хүрэл медаль, хоёр тавдугаар байртайгаар тэмцээнийг өндөрлүүлээ. Багийн нийт дүнгээр 35 оноо авч, есдүгээр байр эзэллээ. Тэдний өмнө АНУ, Орос, Иран, Азербайжан, Япон зэрэг орнууд жагсав.
Багийн цорын ганц хүрэл медалийг 70 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин Т.Тулга авчирлаа. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй гурав дахь медаль юм. “Осло-2021”-ээс хүрэл, “Загреб-2025”-аас мөнгөн медаль гардаж байсан түүнийг аваргын алтан медаль зүүнэ гэж найдаж байсан үзэгчид багахан гонсойв.
Казахстан улс ийн хоёр дахь удаагаа бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Одоогоос долоон жилийн өмнө мөн “Нур-Султан-2019” тэмцээнийг мөн зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, С.Цэрэнчимэд, өнөөгийн Гавьяат тамирчин Т.Тулга, Улсын заан П.Хүдэрбулга нарын шилдгүүд зодоглож байлаа.
Ташрамд дурдахад, ирэх оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болно. Тус хотод 12 жилийн дараа дахин дэлхийн шилдгүүд цугларах аж. 2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болох тус тэмцээн 2028 оны олимпын наадмын эрх олгох хамгийн чухал тэмцээн гэдгээрээ онцлог.
Тэмцээний сүүлийн өдөр монголчуудыг дэлгэцийн өмнө уясан тамирчид бол 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-ын жинд хүч үзсэн О.Сүлдхүү нар. Хүрэл медалийн төлөөх барилдаанд О.Сүлдхүү гурван жил дараалан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө боссон ч энэ удаа ОХУ-ын Исмайл Ханиевт 6:0 харьцаатай ялагдал хүлээв. Харин Б.Мөнх-Эрдэнэ анхны дэлхийн аваргын тэмцээндээ орж, тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Хан Чон-Сонтой хүч сорин эхний хагаст 1:0-ээр давамгайлсан боловч, шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялагдав.
Ийн эрэгтэй баг тамирчид нэг хүрэл, хоёр тавдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнийг өндөрлүүлж байна.
2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Лас Вегас хотоо болно

Сэтгэгдэл бичих