УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцэж байна.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсөвт тусгаад байсан. Энэ талаар байнгын хорооны хуралдаанаар Сангийн яамныхнаас тодруулахад, Оюутолгойн ногдол ашгийг хуваарилах шийдвэр гараагүй. Энэ асуудлыг ТУЗ-ийн хурлаар баталгаажуулах ажил үргэлжилж байна гэж хариулсан.
Тэгэхээр энэ 3 их наяд төгрөг Монгол Улсад зайлшгүй орох эрх зүйн баталгаатай мөнгө үү? Эсвэл хэлэлцээрийн үр дүнд орох боломжтой гэсэн төсөөлөл үү? тэгэхээр энэ 3 их наяд төгрөг Онтрэ-гийн лицензийн төлбөр юм биш үү гэсэн хардлага байна. Энэ талаар Ерөнхий сайдаас албан ёсоор сонсъё гэж бодож байна.
Ерөнхий сайд Н.Учрал, Онтрэ-гийн эзэмшиж буй орд стратегийн орд учраас лицензийг шилжүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийнэ. 2019 онд бид татварын системд өөрчлөлт оруулсан. Татварын шинэ хуулиар компаниуд өөрсдөө цахимаар нэхэмжлэх үүсгэдэг. Татварыг суутгаад хэрэв илүү төлсөн байвал компанид нь буцааж шилжүүлдэг хуультай. Тэгэхээр хуулийн хүрээнд татвараа суутгаад, илүү гарсныг буцаагаад байгууллагад нь шилжүүлнэ.
Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхэд ямар ч үүрэг хүлээгээгүй. Харин 10 жилийн дараа авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар болсон. Үүнийг ТУЗ-ийн даргатай хэлэлцээр хийж, тохирсон.
Хөрөнгө оруулагч талын гүйцэтгэх захирал Монголд ирэхэд нь би уулзсан. Хэлэлцээр ч хийсэн. Тэр захирал, Би ирэх жил ногдол ашиг өгөхөө баталгаажуулж байна” гэж хэлсэн.
Монгол Улсын хуулиар ирэх оны төсвийг төсөвлөхдөө орлого, зарлага, ногдол ашгийг юунд зарцуулахаа тусгасан. Ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй байна.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, Засгийн газрын нийт өр одоо хэд байна вэ? Иргэдийн амьдрал маш хүнд байна, Ерөнхий сайд аа. Монгол Улсын сум болгоны дэлгүүр болгонд өрийн дэвтэр байдаг. Иргэд хүнсээ зээлээр авдаг. Нэг талдаа төрийн өр, нөгөө талдаа иргэдийн өр нэмэгдэж байна.

Сэтгэгдэл бичих