Москва хоёр улсын удирдагч Путинтэй ярилцсаныг баталгаажуулжээ. Энэ нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оны долдугаар сард Путинтэй утсаар ярьснаас хойш Украиныг дэмждэг Европын холбоотон орнуудын удирдагч ОХУ-ын төрийн тэргүүнтэй шууд харилцсан анхны тохиолдол болж байна.
Финландын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, Стубб, Стёре нар Украины эсрэг ОХУ-ын явуулж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлт болон Европ дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцэх зорилгоор санаачилга гаргаж, ярилцсан.
Мөн Абу Дабид болохоор төлөвлөсөн уулзалтуудтай холбогдуулан цаашдын хэлэлцээний талаар Путинийг байр сууриа шууд сонсохыг зорьсон байна. Норвегийн Ерөнхий сайдын Тамгын газрын мэдээлснээр, талууд дайны хурцадмал байдлыг намжаахын чухлыг онцолжээ. Харин Финланд, Норвеги хоёр улсын зүгээс удирдагчид нь зөвхөн өөрсдийн улсын нэрийн өмнөөс ярьсан бөгөөд Европыг бүхэлд нь төлөөлөөгүй гэдгийг тодотгосон байна.
Гэсэн ч Данийн ерөнхий сайд Метте Фредериксен уг санаачилгад эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр ОХУ Украины болон Европын талтай энх тайван тогтоохыг хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Европын орнууд тус тусдаа бус, нэгдсэн байр сууринаас ОХУ-тай харилцах ёстой гэж үзсэн байна.
Харин Кремлийн мэдээлэлд Путин 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг өргөн хэмжээний довтолгоо эхлүүлэх болсон шалтгаанаа дахин тайлбарлаж, Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын сөргөлдөөнт бодлого дайныг сунжруулахад нөлөөлж байна гэж мэдэгджээ.
Мөн Балтын тэнгис болон Хойд Европын бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын талаар хэлэлцсэн бөгөөд талууд цаашид шууд харилцаагаа хадгалахаар тохиролцсон байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Стубб, Стёре нартай дараа нь ярилцаж, уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд нь талархал илэрхийлжээ. Түүний хэлснээр, Финланд, Норвегийн удирдагчид дайны хурцадмал байдлыг бууруулах бодит алхам хийх шаардлагатайг Путинд онцолсон аж. Тэр дундаа өвөл эхлэхийн өмнө эрчим хүчний дэд бүтцэд халдах ажиллагааг зогсоох нь чухал гэдгийг дурджээ. Дараа нь тэрбээр “ОХУ дайныг сунжруулахаа зогсоох ёстой” гэж цахим сүлжээндээ бичсэн байв.
Энэхүү яриа Стубб, Стёре нар АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Зеленскийтэй Осло хотод уулзсанаас долоо хоногийн дараа болжээ. Тус уулзалтын зорилго нь Киев, Вашингтоны хоорондын харилцааны хурцадмал байдлыг намжаахын зэрэгцээ дайныг дуусгах шинэ гарц эрэлхийлэхэд чиглэж байв.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл бичих