Сүүлийн жилүүдэд Хятадын “шинэ тариаланчид” олны анхаарлыг татах болсон. Шинэ тариаланчид гэдэг нь мэдлэг боловсролтой, технологи эзэмшсэн, аж ахуй эрхлэх чадвартай шинэ үеийн хөдөө аж ахуйн салбарын ажил эрхлэгчдийг хэлнэ. Тэдний гар дахь багаж хэрэгсэл нь зээтүү, хадуур байхаа больж, дрон, ухаалаг гар утас, өгөгдөл шинжлэх систем болжээ. Энэ оны эхний хагаст Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох зарцуулах боломжтой орлого 12,699 юань (1,875 ам.доллар)-д хүрч, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн бөгөөд өсөлтийн хурд нь хотын оршин суугчдынхаас өндөр хэвээр байв. Хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын харьцаа 2.37 болж, өмнөх оны мөн үеэс 0.05-аар буурчээ. Эдгээр амжилтын цаана олон мянган шинэ тариаланчдын хөдөө тосгонд нэвтрүүлсэн орчин үеийн технологи, зах зээлийн сэтгэлгээ, менежментийн туршлагатай салшгүй холбоотой. Хятадын хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратеги гүнзгийрэн хэрэгжихийн хэрээр шинэ тариаланчид хөрөнгө мөнгө, хүний нөөц, тоон өгөгдлийг тариалангийн талбайд чиглүүлж, олон мянган ажлын байр бий болгон, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих чухал хүч болж байна.
Тэгвэл, Хятадын хөдөө тосгон олон чадварлаг хүнийг хэрхэн татаж, шинэ тариаланч болоход нь түлхэц өгч байна вэ?
Нэгдүгээрт, төрийн стратегийн бодлогын дэмжлэг нь шинэ тариаланчдад өргөн боломж олгож байна. 2026 онд Хятад улс “Хөдөө тосгоны хүний нөөцийн багийг хүчирхэгжүүлэн томруулах, төрөл бүрийн мэргэжилтнүүдийг хөдөө тосгонд очиж үйлчилгээ үзүүлэх, бизнес эрхлэх болон ажил хөдөлмөр эрхлэхэд нь урамшуулах” зорилт дэвшүүлж, анх удаа “орон нутгийн нөхцөлд тохируулан хөдөө аж ахуйн салбарын инновац, бизнес эрхлэгчдийг бэлтгэх” зорилтыг тодорхой тусгасан нь шинэ тариаланчид төрийн хүний нөөцийн стратегийн бүрэлдэхүүн хэсэг болсныг илтгэж байна.
Мөн “Хөдөө тосгоныг бүх талаар сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө (2024–2027 он)”-нд мөн залуучуудыг хөдөө орон нутагт очиж ажиллаж, хөгжихийг дэмжих, мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт тогтмол хугацаанд ажиллуулж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.
Ингэснээр шинэ үеийн хөдөө аж ахуйн ажилтнуудыг хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх урт хугацааны бодлогын хүрээнд төлөвлөлтийн түвшинд нэгтгэн тусгажээ. Хамгийн бодитоор тулгардаг санхүүжилт, газар ашиглалт, зөвшөөрөл гэх гурван томоохон саадыг арилгах үүднээс Хятад улс бизнес эрхлэхэд татаас олгох, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, газрын эрх шилжүүлэх үйл явцыг хялбарчлах, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авах журмыг хялбаршуулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэх боломж нэмэгдэж, санхүүжилт авахад хялбар болж, шинэ тариаланчдад шинийг санаачлан, санаа зовох зүйлгүйгээр ажиллах урам зориг өгч байна.
Хоёрдугаарт, дэд бүтцийн шинэчлэл нь шинэ тариаланчдад ажлаа үр дүнтэй хийх боломж, хэрэгсэл олгож байна. Өмнө нь Хятадын олон хөдөө тосгоны зам тээвэр хүндрэлтэй, мэдээллийн хүртээмж хязгаарлагдмал байв. Алслагдсан уулархаг бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх боломж муу, тариаланчдын үйлдвэрлэл зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялддаггүй байлаа. Харин өдгөө Хятад улс урьдчилан харсан оновчтой төлөвлөлтийг тууштай хэрэгжүүлж “бүх хошууд гигабит сүлжээ, бүх сууринд 5G сүлжээ” нэвтрүүлж, засаг захиргааны тосгон бүрийг өргөн зурвасын интернэтэд 100 хувь холбосноор хот, хөдөөгийн хоорондын мэдээллийн саадыг бүрэн арилгаад байна. Өнөөгийн шинэ тариаланчид цайны талбай дээр гар утсаа өргөн, өтгөн ногоон уулын энгэрийг хэрэглэгчдэд шууд үзүүлж болно. Мөн юмсын интернэтийн мэдрэгч ашиглан хүлэмжийн гэрэл, температур, ус, агаарын нөхцөлийг нарийн тохируулж, хүйтэн хэлхээний логистик болон цахим худалдааны платформын тусламжтайгаар өглөө хураасан шинэ жимсийг маргааш нь хэдэн мянган километрийн алсад байгаа хэрэглэгчдийн ширээнд хүргэх боломжтой болжээ. Дижитал дэд бүтцийн түгээмэл хэрэглээ нь хөдөө тосгоны өнгө төрхийг үндсээр нь өөрчлөөд зогсохгүй, шинэ тариаланчдын технологийн шинэ шийдэл, үзэл баримтлалыг бодит ажил хэрэг болгох нөхцөлийг бүрдүүлж байна.
Гуравдугаарт, боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгосноор шинэ тариаланчдын хөгжих боломжийг нээж байна. Хятад улс хүний нөөцийг сонгон шалгаруулж, татан оролцуулахаас эхлээд сургаж бэлтгэх, ажиллуулах хүртэлх бүх үе шатыг хамарсан тогтолцоог бүрдүүлжээ. Орон нутаг бүр их, дээд сургууль төгсөгчдийг анхан шатны нэгжид очиж боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, хөдөө тосгоны хөгжилд хувь нэмэр оруулахад татан оролцуулах төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын бодлого хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадад нутагтаа буцаж ирэн бизнес эрхэлсэн хүмүүсийн тоо нийт 15.1 саяыг давжээ. Орон нутаг бүр хөдөө аж ахуйн их, дээд сургууль болон аж ахуйн нэгжүүдийн нөөцийг нэгтгэн сургалт явуулж, одоогоор 400 мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөдөө аж ахуйн судалгаа, шинжилгээний багийг бүрдүүлж, 9 сая гаруй өндөр ур чадвартай тариаланчдыг бэлтгэн гаргаад байна. Бизнес эрхлэх паркууд байгуулж, хөдөө орон нутагт бизнес эрхлэх үйлчилгээг дэмжих платформ бий болгосноор орон нутаг бүр хөдөө очиж бизнес эрхлэгчдэд санхүүжилт олох, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад нь идэвхтэй тусалж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх үржүүлэгч нөлөөг бүрэн дүүрэн ашиглаж байна. Үүний зэрэгцээ хөдөө орон нутгийн боловсон хүчнийг үнэлэх тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгосноор тэдний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжийг нээж, хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг санаа зоволтгүй ажиллаж, тогтвортой суурьших нөхцөлийг бүрдүүлжээ.
Ийнхүү цогц тогтолцооны үр дүнд шинэ үеийн хөдөө аж ахуйн ажилтнууд түр зуурын үзэгдэл төдий цөөн жишээнээс өргөжин хөгжиж, өтгөн шугуй мэт олноор өсөн нэмэгдэж байна.
Монгол Улс уламжлалт мал аж ахуйн томоохон орон бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Атар-4 аян” зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тариалангийн талбай, бэлчээр, мал сүрэг нь Монгол Улсын хүн амын 30 гаруй хувийн амьжиргаатай салшгүй холбоотой юм. Энэ жил Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Даян дэлхийн хөгжлийн санаачилгын таван жилийн ой тохиож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын тал Монгол Улсад хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд тууштай дэмжлэг үзүүлж, цөлжилттэй тэмцэх, хөрсийг сайжруулах, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг чиглэлээр Монголын талтай гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Мөн Монгол Улсын эрсдэлийг даван туулах чадавх, тогтвортой хөгжлийн түвшнийг дээшлүүлэхэд тусалж, талуудын Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилт арвин үр дүнд хүрчээ.
Ядуурлыг бууруулах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх нь Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааны чухал чиглэл юм. Хятадын тал цаашид ч Монголын талтай хөгжлийн туршлагаа хуваалцаж, чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Монголын улам олон “шинэ малчин”-ыг тал нутагтаа авьяас чадвараа бүрэн дайчлан ажиллахад нь дэмжлэг үзүүлж, Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр орны хамтын хөгжлийн явцад илүү өндөр үр дүнд хүргэхэд бэлэн байна.
Цао Ли
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч

Сэтгэгдэл бичих