Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 28-нд Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хэлэлцээд, хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Тодруулбал, Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх, З.Энхболд болон түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргасан байна.
Өмнөх хоёр шатны шүүх Б.Энх-Амгаланг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн. Харин З.Энхболдыг Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж, уг хэргийг үйлдэхэд хатгасан гэж буруутгасан юм.
Гэвч Дээд шүүхийн нийт шүүгч тэдний гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ. Ингэснээр хэргийг Дээд шүүхээр дахин хэлэлцүүлэхгүй болсон бөгөөд өмнөх хоёр шатны шүүхээс гаргасан гэм буруутай гэсэн шийдвэрүүд хэвээр үлдэж байна.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Сэтгэгдэл бичих