Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсад анх удаа төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь хоёр орны дипломат харилцааны 34 жилийн түүхэнд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал бөгөөд 2024 оны зургадугаар сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Монголд хийсэн айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Беларусь улсад хийсэн айчлал нь харилцааны 34 жилийн шинэ хуудас нээж буй гэж тодорхойлж болно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нар ганцаарчилсан уулзалт хийж, ирэх жилүүдийн замын зураглалаа тодорхойлсон юм.
ИРЭЭДҮЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Монгол, Беларус улсын худалдааны эргэлт 2025 онд 18 сая ам.доллар байв. Хоёр улсын хамтын ажиллагаа урт хугацааных боловч эдийн засгийн хамтрал төдийлөн шинэ шатанд гараагүй, “чамлалттай” байсан. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ирэх 2027-2029 оны замын зураглалаа тодорхойлж, нийтдээ 17 баримт бичигт гарын үсэг зурав. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг спорт, хөдөө аж ахуй, итгэмжлэл, хөнгөн үйлдвэр зэрэг салбаруудад өргөжүүлэхээр талууд тохиролцсон.
Ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцолж болох хэд хэдэн асуудал айлчлалын хүрээнд яригдсан.
Беларус улсын зүгээс Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол төрийн тэргүүн нарын хувьд цөөн чанартай 2-3 төсөлд хамтран ажиллаж, үр дүн гаргаж ажиллахаар санал нэгдсэн юм.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хамтран ажиллах гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 50 сая ам.доллар болж өсөв. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээр 2026 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон. Ингэснээр Монголын уламжлалт экспортын бараа /ноос, ноолуур, арьс шир гэх мэт/ тус холбооны гишүүн орны хувьд Беларусь улсын зах зээлд илүү таатай, гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэж байгаа нь цаашдын худалдааны эргэлт нэмэгдэхэд том түшиц болно гэж талууд онцлов.
ЕВРОАЗИЙГ ЧИГЛЭСЭН ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Герман, Финланд улсад хийсэн айлчлал Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх том түшиц болж буй бол Бүгд найрамдах Беларусь улсад хийсэн айлчлал нь Евроазийн эдийн засгийн холбооны холбооны гишүүн оронтой харилцаагаа прагматикаар хөгжүүлж буй гадаад бодлогын тэнвэрийг харуулсан үйл явдал гэдгийг судлаачид онцолж буй. Учир нь Беларусь улс Евразийн эдийн засгийн холбоог даргалж буй улс.
Үүнийг илтгэж хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Беларусь Улс нь манай улсын хувьд Европын зах зээл рүү гарах тээвэр, логистикийн чухал гарц болж байдаг бол Беларусь улс нь манай улсыг Азийн зах зээл рүү гарах үүд хаалга хэмээн үздэг” гэсэн үгнээс уншиж болно. Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖУУД
Беларусь улс нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээрээ бүс нутагтаа нөлөө бүхий улс. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах болон хөнгөн үйлдвэр, машин үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, логистик зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Беларусь улс эдгээр салбарын олон чиглэлд үйлдвэрлэлийн туршлага, техник, технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхтай.
Тиймээс Беларусийн компаниудын технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн туршлагыг Монголын түүхий эд, үйлдвэрлэлийн боломж, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.
Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмж, малын үржүүлэг, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалтын технологи зэрэг чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр машин үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техникийн шинэчлэлийн чиглэлээр Беларусийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нь Монгол Улсын үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж болно. Ялангуяа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хамтарсан үйлдвэр байгуулах, технологи нутагшуулах, Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар гуравдагч зах зээлд хамтран гарах боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
50 САЯ ДОЛЛАР ҮЗЭГЛЭСЭН БИЗНЕС ФОРУМ
Айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав. Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх боломжоо нээлттэй ярилцсан бөгөөд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар нээлттэй ярилцав. Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа.
Ш.ЧИМЭГ

Сэтгэгдэл бичих