Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2027 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргаж, Оюу толгойн ногдол ашгаас 542 мянган ахмад настанд нэг удаа тус бүр 5.535 сая төгрөг олгох санал дэвшүүллээ.
Тэрбээр “Долоон бор оготно үлгэрт атгын чинээ шар тос оллоо гэж гардаг шиг манай Засгийн газар зүтгэсээр байгаад Оюу толгойтой хэлэлцээр хийж, 2030- 2040-өөд онд авах ёстой ногдол ашгийг ирэх жилээс авахаар боллоо. Энэ “шар тос”-ыг манай өвөг дээдэс хадгалж авчирсан зүйл. Цаашдаа ч тасралтгүй авах хэрэгтэй. Ирэх жил гурван их наяд бол дараа жил өсөх учиртай. Яагаад гэвэл Оюу толгой ашигтай ажиллаж байгаа.
Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Оюу толгой ногдол ашгийн зарцуулалтыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, 542 мянган ахмад настанд нэг удаа тус бүр 5 сая 535 мянган төгрөг олгох арга хэмжээг хэрэгжүүлье. Олон жил авах ашгийг нэгхэн жил ахмадуудад өгчихье.
Тэр барих гээд байгаа олон дулааны станцыг зээл олгоод Солонгосын компани аваад дампууруулсан гэсэн. Тэр мөнгөө олж ав. Монголын тусгаар тогтнолыг 20 дугаар зуунд баталгаажуулсан ахмадуудыг нэг удаа харж үз. Ажил хийх чадвартай гар хөл бүтэн хүмүүст бол өгөхгүй, битгий барьц. Иргэдийн гарт хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ноглол ашгийг ахмадууд хэдэн жил хүлээж чадах вэ? Миний зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүд дэмжээрэй. Дэмжихгүй бол ирэх жил тойрогтоо очих байлгүй дээ” гэлээ.

Сэтгэгдэл бичих