АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам холбооны засаг захиргааны байгууллагуудад Хятадын “DeepSeek” компанид үйлдвэрлэсэн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг мэдээллийн технологийн системээсээ устгахыг үүрэг болгосон ба түүнийг цаашид худалдан авахыг хоригложээ.
Уг хориг нь “DeepSeek” болон түүний харьяа байгууллагуудын боловсруулсан бүтээгдэхүүнээс гадна тус компанийн технологийг ашиглан бүтээсэн гуравдагч талын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаатай.
“DeepSeek нь АНУ-ын Засгийн газрын мэдээллийн системийн кибер аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй олон төрлийн аюул заналыг бий болгож байна” гэж тус яам мэдэгджээ.
Уг технологийг ашигласнаар нууцлалтай мэдээллүүд Хятадын талд дамжин очих, АНУ-ын иргэд болон төрийн байгууллагуудын талаарх тагнуулын мэдээлэл цуглуулах, мөн хортой программ хангамж болон кибер аюулгүй байдлын бусад эмзэг байдлыг ашиглах эрсдэл үүсэж болзошгүй байна.
Энэхүү хоригийг тогтоосон тушаалыг долдугаар сарын 24-нд баталжээ. Уг шийдвэрийг 2018 оны Холбооны худалдан авалтын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Холбооны худалдан авалтын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, холбогдох нотлох баримтыг судалсны үндсэн дээр гаргасан байна.
Тушаалд заасны дагуу холбооны байгууллагууд хоригт хамаарах технологийг илрүүлж, мэдээллийн системээсээ устгах үүрэгтэй. Энэ явцад сүлжээний өгөгдлийн урсгалд тавих хяналтыг чангатгах, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авахыг мөн тушаажээ.
Уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг 10 дугаар сарын 20-нд АНУ-ын Холбооны бүртгэлд /Federal Register/ нийтлэсэн байна.

Сэтгэгдэл бичих