Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд болон нэвтрүүлэхэд компаниуд асар их хөрөнгө зарцуулж байгаа аж. Энэ онд л гэхэд уг салбарт оруулах хөрөнгө оруулалт 750 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт нь эдийн засагт зөвхөн эерэг нөлөө үзүүлэхгүй. Тухайлбал, хиймэл оюун ухааныг ажиллуулахад шаардлагатай дата төв, компьютер, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэх нь зардлыг өсгөж, улмаар бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж болзошгүй юм.
"Moody’s Analytics" байгууллагын ахлах эдийн засагч Марк Зандигийн тооцоолсноор, хиймэл оюун ухаанаас шалтгаалсан үнийн өсөлтийн улмаас Америкийн өрхүүд өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил хэмжээний бараа, үйлчилгээг авахын тулд жилд 375 ам.доллароос илүүг нэмж зарцуулах шаардлагатай болжээ.
Одоогоор хиймэл оюун ухаан АНУ-ын нийт инфляцад 0.2 нэгж хувийн нөлөө үзүүлж байгаа гэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, инфляцыг өсгөж буй цорын ганц шалтгаан биш ч үнийн өсөлтийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болжээ. Үүнээс гадна хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зарим ажлын байр цөөрч, цалингийн өсөлт удаашрах, баян ядуугийн ялгаа нэмэгдэх эрсдэл үүсэж байна.
Хэдийгээр хиймэл оюун ухаан урт хугацаандаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой ч үр өгөөж нь бүрэн мэдрэгдэх хүртэл үнийн өсөлтийн дарамт учруулж болзошгүй юм. Тиймээс АНУ-ын Холбооны нөөцийн сан хиймэл оюун ухааны инфляцад үзүүлж буй нөлөөг анхааралтай ажиглаж байна.АНУ-ын хэрэглээний үнийн индексийн мэдээллээр, 2025 онд айл өрхийн цахилгааны үнэ өмнөх жилүүдийн дундаж өсөлтөөс хоёр дахин нэмэгджээ. Харин энэ оны эхний таван сарын хугацаанд цахилгааны үнэ өнгөрсөн оныхоос ч өссөн байна. Зургадугаар сард цахилгааны үнэ гэнэтийн байдлаар нэг хувиар буурсан. Гэсэн хэдий ч жилийн өмнөх үетэй харьцуулахад дөрвөн хувиар өндөр хэвээр байгааг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны хамгийн сүүлийн мэдээлэл харуулжээ. Энэ нь нийт инфляцын өсөлтөөс давсан үзүүлэлт юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, хиймэл оюун ухааны дата төвүүдийн цахилгааны эрэлт нэмэгдэж байгаа нь АНУ-ын айл өрхийн цахилгааны төлбөр өсөхөд нөлөөлж буй хамгийн тод жишээнүүдийн нэг болж байна.
САНАХ ОЙН ЧИП
Хиймэл оюун ухааны дата төвүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр санах ойн чипийн эрэлт огцом өсөж, нийлүүлэлт хүрэлцэхгүйд хүрчээ. Үүний улмаас чип үйлдвэрлэгчид өндөр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч, энгийн хэрэглээний электрон төхөөрөмжүүдэд ашигладаг санах ойн чипийн нийлүүлэлтэд нөлөөлж байна. "Barclays" банкны АНУ хариуцсан эдийн засагч Пүүжа Срирамын тайлбарласнаар, асуудал нь зөвхөн эрэлт нэмэгдсэнд бус, зах зээлд нийлүүлж буй санах ойн чипийн хэмжээ хязгаарлагдмал байгаад оршиж байна.
Хиймэл оюун ухааны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт чиглэж байгаа тул үйлдвэрлэгчид дата төвүүдэд шаардлагатай өндөр хурдтай, их хэмжээний мэдээлэл боловсруулах чадвартай санах ойн чип үйлдвэрлэхэд хүчин чадлаа түлхүү зарцуулж байгаа аж.

Сэтгэгдэл бичих