Монгол орны хоёр дахь өндөр оргил Мөнххайрхан уулын мөнх цас, мөсөн гол хайлж, эндээс тэжээгддэг нууруудын талбай багассан нь судалгаагаар батлагджээ.
Ховд, Баян-Өлгий аймгийн заагт оршдог Мөнххайрхан уул нь далайн түвшнээс дээш 4362 метр өндөртэй. Мөнх цас, мөсөн голууд нь нийтдээ 200 гаруй километр талбайг эзэлдэг. 130 гаруй метр хүртэл зузаантай гэсэн тоон мэдээлэл бий. Эндээс Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон гол эх аван урсдаг билээ.
Монгол орны усны нөөцөд чухал үүрэгтэй энэхүү хайрхны өөрчлөлтийн талаар Korea University-ийн профессор, судлаач Л.Мөнхнасантай ярилцлаа. Тэрбээр энэхүү судалгааны ажлаа өнгөрсөн тавдугаар сард “Journal of Hydrology: Regional Studies” сэтгүүлд нийтлүүлжээ.
-Юуны өмнө өөрийн ажилласан судалгааны үр дүнгээс танилцуулна уу?
-Бид Мөнххайрхан уулын мөсөн гол болон түүнээс тэжээгддэг нууруудын өөрчлөлтийг судалсан. Ингэхдээ хиймэл дагуулын олон жилийн мэдээлэл, орон зайн дүн шинжилгээ, усны дээжийн лабораторийн шинжилгээ зэргийг ашигласан.
Судалгааны дүнгээр сүүлийн 34 жилийн хугацаанд Мөнххайрхан уулын мөнх цас, мөсөн голын талбай 38.1 хувиар буурсан. Мөн тэжээгддэг нууруудын нийт талбай 2.54 хувиар агшсан байна.
Төв Азийн мөнх цаст уулсад хийсэн судалгаагаар мөнх цас, мөсөн гол нь хайлах үед түүгээр тэжээгддэг нуурын талбай тэлэх үзэгдэл түгээмэл ажиглагддаг. Харин Мөнххайрханд мөнх цас, мөсөн голын талбай мэдэгдэхүйц буурч, нуурын талбай ч нийт дүнгээр багассан төлөвтэй байна. Энэ нь манай орны өндөр уулын энэ орчин хүйтэн бас хуурай байдагтай холбоотой.
Мөнххайрхан орчмын нуурыг малчид малын усалгаанд ашигладаг. Тиймээс усны системийн өөрчлөлт нь мал аж ахуйд нөлөөлж болзошгүй.
Нэг ёсондоо агаар мандлын хуурайшилтыг (atmospheric drying) илэрхийлэх үзүүлэлтүүдтэй түлхүү хамааралтай байгаа нь ажиглагдсан. Энгийнээр тайлбарлавал мөнх цас, мөсөн гол хайлаад нуур руу урсаж, тэнд тогтох учиртай шүү дээ. Гэтэл хуурайшилт харьцангуй өндөр байгаа учраас уурших үзэгдэл давамгайлж байна гэсэн үг.
Үүнээс гадна нуурын ус багасахад мөнх цаснаас ирэх усны хэмжээ, хур тунадас, ууршилт, тухайн газрын байгаль болон хүний хүчин зүйлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс бусад нөхцөл, цаашдын өөрчлөлтийг илүү нарийвчлан судлах шаардлага бий.
-Энэ өөрчлөлт цаашид ямар үр дагавартай байж болох вэ?
-Энэ бол эдгээр нуур, тэндээс эх авдаг гол горхиноос хамааралтай оршдог ургамал, зэрлэг амьтан, экосистем төдийгүй орон нутгийн иргэдийн амьжиргаатай шууд холбогдох асуудал.
Мөнххайрхан орчмын эдгээр нуурыг малчид улирлын нүүдэл, малын усалгаанд ашигладаг. Тиймээс усны системийн өөрчлөлт нь орон нутгийн ус ашиглалт, мал аж ахуйд нөлөөлж болзошгүй.
Гэхдээ бид судалгаагаараа биологийн төрөл зүйл, мал аж ахуйд үзүүлэх нөлөөг тусгайлан хэмжээгүй. Иймээс экосистемд ямар өөрчлөлт гарч байгааг нарийвчлан дүгнэхийн тулд биологийн болон экологийн судалгааны үр дүнтэй уялдуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих