Тавантолгой, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги зэрэг боомтын чиглэлд нүүрс тээврийн 500 орчим компани бий гэсэн тооцоо байдаг. Эдгээр компанид 25 мянга орчим шланз маркийн ачааны машин бүртгэлтэй. Үүний 10 мянга орчим буюу 40 гаруй хувийг ах дүү, хамаатан саднаараа нийлсэн жирийн иргэд эзэмшиж, энэ салбарт ажиллаж байна. Гэвч иргэдийн автомашиныг нэгтгэн, тээвэрт явуулах нэрийдлээр татаас авдаг компаниуд олноор бий болжээ.
Тэдгээрээс тээвэрлэлт эрхлэх шаардлага хангасан компани цөөн бол бусад нь “цүнхний компани” гэх тодотголтой.
Эдгээр компани нь улс хоорондын тээвэрт оролцох С зөвшөөрөл авах эрхтэй байхаас гадна тээвэр эрхлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, БНХАУ-ын талаас гэрээ авах боломжтой танил тал, нөлөөлөлтэй хүмүүсийн хамааралд байдаг. Тухайлбал, улс төрчдийн нөлөө, хамаарал бүхий хүмүүс тээвэр хийх эрх олж авсан тохиолдол бий.
Танил талтай нь тээвэрчдээс татаас авч тээвэрт явуулдаг бол танил талгүй нь тээвэрчдийн тээвэрлэсэн тонн-км тутмаас мөнгө авдаг явдал газар авсан.
Энэ тогтолцоо улам өргөжиж, ужгирсаар байна. Үүний үр дүнд танил тал, арга зальтай хүмүүсийг хөрөнгөжүүлдэг, нүүрс тээвэр нэрийн дор сүүдрийн бизнесийн бүхэл бүтэн салбар бий болжээ. Харин тээвэрчид автомашины зээлээ төлөх, ар гэрээ тэжээх, амьдрал ахуйгаа авч явахад ч хүндрэлтэй нөхцөлд хүрээд байна гэлээ.

Сэтгэгдэл бичих