Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжүүлэгч БНЭУ-ын Экспорт-Импортын банк (ЭКСИМ банк)-ны Ерөнхий менежер Викрамадитья Угра (Vikramaditya Ugra) тэргүүтэй төлөөлөгчид хяналтын инженерийн багийн хамт үйлдвэрийн талбайд ажиллаж, төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Айлчлалын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын оролцоотой ээлжит хурал, уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын гол сэдэв барилга угсралтын талбайд хийгдэх үйлдвэрлэлийн түүхий эд, материалын татан авалт, төвөгшил өндөртэй, үйлдвэрлэхэд хугацаа их шаардах тоног төхөөрөмжийн (Long Lead Items) захиалгыг шуурхайлах, гадаад нөхцөл байдалтай холбоотой тээвэрлэлтийн асуудал, тэдгээрийн оновчлол, шийдэл байлаа.
Энэтхэгийн ЭКСИМ банкнаас гадаад улсад хэрэгжүүлж буй хамгийн том төслийн нэг нь Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр бөгөөд тус улсын Засгийн газар төслийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, эхний үе шатнаас өнөөг хүртэл тогтмол хяналт тавьж, явцын үнэлгээ хийж, дээд түвшинд дэмжиж ирсэн билээ.
Эх сурвалж: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр

Сэтгэгдэл бичих