Тесла компани олон жил хүлээлгэсэн шинэ үеийн Roadster цахилгаан спорт автомашинаа танилцууллаа. АНУ-ын Техас муж дахь SpaceX-ийн Макгрегорын туршилтын байгууламжид болсон танилцуулгын үеэр автомашин пуужингийн технологиос санаа авсан түлхэгч төхөөрөмжийн тусламжтайгаар агаарт хөөрөх үзүүлбэр үзүүлжээ.
Тус компани Roadster-ийг гурван хувилбараар үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн өндөр үзүүлэлттэй хувилбар нь агаарт хөөрч, нислэгийн үеийн хөдөлгөөнөө удирдах боломжтой гэж танилцуулсан байна. Арга хэмжээний үеэр автомашин агаарт хөөрөх хоёр үзүүлбэр үзүүлжээ.
Илон Маск үүний дараа “Нисдэг машинууд бодит боллоо” хэмээн мэдэгдсэн байна.
Гурван хувилбарын ялгаа
- Performance хувилбар нь хоёр хүний суудалтай. Идэвхтэй аэродинамик систем болон сорох хүч үүсгэх төхөөрөмжөөр замд дарах хүчийг нэмэгдүүлдэг. Үйлдвэрлэгчийн мэдээлснээр уг загвар 0-ээс 60 миль/цаг буюу ойролцоогоор 97 км/цаг хүртэл 1.6 секундээс бага хугацаанд хурд авна.
- Thrust хувилбар нь арын хэсэгтээ хүйтэн хийн түлхэгч төхөөрөмжтэй. Tesla-ийн мэдэгдсэнээр энэ загвар 0-ээс 97 км/цаг хүртэл 0.9 секундээс бага хугацаанд хурдлах боломжтой.
- Rocket хувилбар нь нэг хүний суудалтай бөгөөд агаарт хөөрч, хөдөлгөөнөө удирдах нэмэлт түлхэгч төхөөрөмжөөр тоноглогджээ. Үйлдвэрлэгч энэ загварыг 0-ээс 97 км/цаг хүртэл 0.59 секундээс бага хугацаанд хурдлах, цагт 370 км-ээс дээш хурдлах чадвартай гэж танилцуулсан байна. Бүх хувилбар нэг цэнэгээр 480 км-ээс дээш зам туулах үзүүлэлттэй гэжээ.
Энэ технологи нь ердийн пуужингийн түлшээр ажиллахгүй. Харин нүүрстөрөгчийн ширхэгт материалаар хийсэн өндөр даралтын саванд хадгалж шахсан агаарыг ашиглана гэсэн юм.
Rocket хувилбар нь нийтийн замд ашиглах зөвшөөрөл аваагүй бөгөөд зөвхөн урилгаар захиалга авах нөхцөлтэй гэж мэдээлсэн байна.
Мөн Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.
Танилцуулгын бичлэг үзэх бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл бичих