Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ


10-р сарын 16
16 цаг 27 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт:

- Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас өөрсдөө бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, харин үүнийг иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, эрчим хүчний бэлтгэлийг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнд зарцуулах боломж олгох зохицуулалтыг өргөн барьсныг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Мөн цаг хугацаандаа багтаан бид баталж чадсаныг хэлье.

Онцлох зохицуулалтаас дурдвал, өнгөрөгч хаврын чуулганаар бидний баталсан тэтгэврийн багц хуулиудын хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр байсан бол энэ оны 11 дүгээр сарын 01-нээс болгон нааш нь татаж, ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийтдээ 435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс эхлээд 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх төсвийн тодотголыг баталлаа.

Мөн салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 01-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэх, нэмэгдүүлэх боллоо. Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Дараагийн чухал асуудал бол эрчим хүчний асуудал. Ирэх өвөл хөлдөх үү, зутрах уу, даарах уу, эрчим хүчний дутагдалд орох уу гэдэг асуудал бидэнд тулгарсан. Үүнээс урьдчилан сэргийлж эрчим хүчний найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж өвөл гал алдахгүй, байх, хамгийн гол нь иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байж, эдгээрийг шийдэхэд зориулж 186 тэрбум төгрөг баталсан төсвийн тодотголыг бид хийлээ.

Энэ жил үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол мах, гурил, төмс, хүнсний ногоо байлаа. Эдгээр бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтөөс сэргийлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад 140 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн тодотголд суулгалаа.

Мөн автобензин, дизелийн түлшний Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвар, Онцгой албан татварыг тэглэлээ. Үүнийг үргэлжлүүлж, үнийг тогтоон барих хамгийн боломжтой арга хэмжээг авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс одоо 26.0 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12.0 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгож байна. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлууллаа. Эдгээр гишүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг маш тод илэрхийлж, идэвхтэй ажиллаж байгааг энд онцолж хэлье.

Иргэдийнхээ нуруун дээрх ачааг багахан ч болов хөнгөлөх, орлого, амьжиргааг хамгаалах шийдвэрийг та бид хамтдаа цаг алдалгүй гаргалаа. Төсвийн тодотголыг батлахад идэвхийлэн оролцсон ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын дарга Н.Наранбаатар болон ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа баярлалаа.

Улс орны эдийн засаг, нийгмийн өмнө, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Улсын Их Хурлаас баталсан төсвийн тодотгол тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийг үр дүнтэй, ард иргэддээ өгөөжтэйгөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлье гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ51 минут 10 секундын өмнөИлон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа52 минут 10 секундын өмнөИрэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ52 минут 46 секундын өмнөАгаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ53 минут 26 секундын өмнөБиотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ10 сар 15. 18:56“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 18:55“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ10 сар 15. 18:53Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй10 сар 15. 18:52"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"10 сар 15. 18:51Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!10 сар 15. 18:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.