Өнөөдөр Чингис хааны музейд “Олон улс судлал 2026: Монголын Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хурал зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаа Монголын солонгос судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Солонгосын хойгийн аюулгүй байдлын шинэ орчин сэдвээр хэлэлцэж байна.
Хурлын үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Мягмар “БНСУ-ын эдийн засгийн хөгжил ба төрийн бодлого” сэдэвт судалгаагаа танилцууллаа. Тэрбээр БНСУ-ын хөгжил, төрийн бодлогын чиглэлээр зургаан жилийн турш судалгаа хийжээ. Судалгааныхаа үр дүнд тус улсын өнөөгийн хөгжилд төрийн бодлогын тууштай байдал, тогтолцооны үр ашигтай ажиллагаа чухал нөлөөтэй гэж дүгнэжээ.
ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДСОН Ч БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАРАА ХАДГАЛДАГ
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Мягмар
Д.Мягмарын судалгаанаас харахад, БНСУ-ын хөгжлийн нэг чухал хүчин зүйл нь урт хугацааны зорилго, бодлогын залгамж чанарыг хадгалах зарчим юм. Улс орны хөгжил зөвхөн тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээс бус, бодлогоо тууштай хэрэгжүүлдэг тогтолцооноос ихээхэн хамаардаг байна.
БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд аж үйлдвэр, технологийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт тооцогддог. Хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтран ажиллаж байгаа энэ үед БНСУ-ын хөгжлийн туршлагыг судлах нь ач холбогдолтой юм.
Төрийн бодлого тогтвортой байна гэдэг нь аливаа шийдвэрийг өөрчлөхгүй гэсэн үг биш. Харин Засгийн газар солигдсон ч урт хугацааны хөгжлийн зорилтоо хадгалж, бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шаардлагатай өөрчлөлтийг тогтолцооны хүрээнд хийх тухай асуудал юм.
СОЛОНГОС СУДЛАЛЫН 58 ЖИЛИЙН ТҮҮХ
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ч.Цэрэннадмид
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн гурав дахь хөрш орон судлалын салбарын эрхлэгч, доктор Ч.Цэрэннадмидын мэдээлснээр, тус хүрээлэн 1968 оноос Солонгос судлалын чиглэлээр ажиллаж эхэлжээ. Өдгөө 58 жилийн судалгааны туршлага хуримтлуулаад байна.
Энэ хугацаанд Солонгос судлал нь хоёр улсын харилцаагаар хязгаарлагдахгүй, эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, түүх, соёл, хэл шинжлэл, иргэд хоорондын харилцаа зэрэг олон чиглэлээр өргөжсөн байна. Хүрээлэнгийн судлаачид Монгол, Солонгосын түүхэн харилцаа, дипломат харилцаа тогтсоноос хойших хамтын ажиллагааг судалж, ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, баримт бичгийн эмхэтгэлүүд хэвлүүлжээ.
Ч.Цэрэннадмид "Энэ удаагийн хурал Монголын солонгос судлалын өнөөгийн түвшнийг хэлэлцэж, цаашид анхаарах чиглэлээ тодорхойлж буйгаараа онцлог" гэсэн юм. Мөн Солонгосын хойгийн аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж буй энэ үед бүс нутгийн эрсдэл, сорилтыг судалж, мэргэжилтнүүд санал бодлоо солилцох нь чухал гэсэн юм.
СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШИНЭ ӨНЦГӨӨС СУДАЛЖ БАЙНА
Энэ удаагийн хурлаар Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэж байна. Хурлын хүрээнд БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн судлаач Юн Жон Хён “Хиймэл оюун ухаанд суурилсан стратегийн цөмийн бус зэвсэг ба Солонгосын хойгийн хямралыг тогтворжуулах нь” сэдэвт илтгэл танилцуулжээ.
Мөн Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Х.Гарьдбилэг “БНАСАУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын өөрчлөлт: 2021-2026 оны бодлогын залгамж чанар, өөрчлөлтийн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлээ танилцуулсан байна.
Эдгээр илтгэл нь Солонгосын хойгийн аюулгүй байдал, технологийн хөгжлийн нөлөө болон улс орнуудын бодлогын чиг хандлагыг судлахад чиглэж байна. Ч.Цэрэннадмидын хэлснээр, бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин, эрсдэл, сорилтын талаар судлаачид санал бодлоо солилцох нь олон нийтэд илүү өргөн хүрээний ойлголт өгч, Монголын солонгос судлалын хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэсэн юм.
Монгол, Солонгосын харилцаа олон салбарт өргөжиж буй өнөө үед БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн туршлага, төрийн бодлогын залгамж чанар болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг судлах нь Монголын судлаачдын хувьд чухал чиглэл хэвээр байна.

Сэтгэгдэл бичих