“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”


10-р сарын 14
13 цаг 24 минут

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2026.10.13/ хүрэн баавгайтай холбоотой нөхцөл байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


УОК-ийн Нарийн бичгийн дарга Т. Баярхүү:

– Сүүлийн саруудад хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Одоогоор хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн нийт 1006 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс Сэлэнгэ аймагт 109, Архангай аймагт найм, Баян-Өлгий аймагт хоёр, Булган аймагт 43, Дархан-Уул аймагт 110, Завхан аймагт 47, Хөвсгөл аймагт 109, Увс аймагт 16, Дорнод аймагт 13, Хэнтий аймагт 254, Төв аймагт 21, нийслэлд 14 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай хамгаалалттай газар нутгуудад 257 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эдгээр тохиолдлын 40 орчим нь эд хөрөнгөд хохирол учруулах, мал, нохой барих зэрэг үйлдэлтэй холбоотой. Хамгийн харамсалтай нь нийслэлийн Баянзүрх дүүрэгт баавгай хоёр хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байгаа бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэх тохиолдол нэмэгдэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгаврын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Хөвсгөл, Хэнтий, Увс аймаг болон Багануур дүүрэг зэрэг газарт нийт 20 баавгайг устгасан. Мөн нэг тохиолдолд баавгай малчин айлд ойртож ирэхэд малчид өөрсдөө устгасан. Өмнө нь бамбарууштай болон жижиг баавгайг тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэн тэжээх, нутгийн гүн рүү оруулах, үргээх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Гэвч харамсалтай нь баавгайн халдлагын улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан учраас цаашид эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Одоогоор цагдаа, онцгой байдлын байгууллагууд хамтран эрсдэлтэй бүс нутгуудад эргүүл ажиллуулж байгаа. Тухайн эргүүлийн бүрэлдэхүүнд баавгайг буудан устгах зөвшөөрөлтэй алба хаагчид ажиллаж байна.

Түүнчлэн баавгайг унтуулах зориулалттай буу худалдан авах зардлыг Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Баавгайг зайлшгүй шаардлагатай үед унтуулж, аюулгүй орчинд шилжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд ийм төрлийн буу авах шаардлагатай гэж үзжээ.

Аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй цагдаа, цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллуулж байна. Ийм байгууллага байхгүй газарт галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй анчдыг дайчлан ажиллуулж байгаа.

Баавгайн тоо толгойг зохицуулах, шаардлагатай тохиолдолд устгал хийх ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хэрэгжүүлэх эрхийг орон нутгийн захиргаанд олгосон байна. Гэхдээ энэ нь баавгайг ямар нэгэн хяналт, зохицуулалтгүйгээр агнах эрх олгож байгаа хэрэг биш юм. Харин тухайн бүс нутгийн нөхцөл байдал, эрсдэлийг харгалзан мэргэжлийн байгууллагын хяналт, зааварчилгаатайгаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө1 цаг 7 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД1 цаг 8 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”1 цаг 9 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ1 цаг 10 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ1 цаг 10 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна1 цаг 15 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай1 цаг 16 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ1 цаг 16 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа1 цаг 19 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна1 цаг 20 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.