Оросын аюулгүй байдлын албаныхан Японы "The Hokkaido Shimbun" сонины сурвалжлагчийг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулжээ. Тус сурвалжлагч нь Алс Дорнодын Сахалин муж дахь "The Hokkaido Shimbun" сонинд ажилладаг. Түүнийг Японы тагнуулын байгууллагын даалгавраар Оросын батлан хамгаалах чадавхтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгаж байна.
Эрх баригчдын мэдээлснээр, түүнийг Оросоос гарахынх нь өмнөхөн саатуулж, Москва руу шилжүүлжээ.
Оросын төрийн мэдлийн телевизээр сурвалжлагчийг саатуулж буй бичлэг болон аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан ажилтны ярилцлагыг цацсан байна. Нэрээ нууцалсан ажилтны мэдэгдсэнээр, тус сурвалжлагч нь Оросын хяналтад байдаг дөрвөн арлын иргэдээс Украины дайнд дайчлагдсан болон сайн дураараа явсан хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулсан аж. Мөн уг мэдээллээ Японы холбогдох байгууллагуудад дамжуулах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Москвагийн шүүхээс япон сурвалжлагчийг нэг сар 29 хоногийн хугацаатай саатуулах шийдвэр гаргасныг телевизээр мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, сурвалжлагчийг арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл саатуулна.
Энэ хэргийн талаар Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийхдээ "Орос улсад гадаадын сэтгүүлчийн статустай ажиллаж буй сурвалжлагчдаа ашиглан манай улсын аюулгүй байдлыг сулруулах зорилгоор мэдээлэл цуглуулах гэсэн оролдлого нь харамсалтай юм" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл бичих