“Мобиком” корпорацын ажилтнууд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллах үеэр тээврийн хэрэгслээсээ гал алдсаны улмаас их хэмжээний түймэр гарч, тус дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртсөн байж болзошгүй болсон.
Үүнтэй холбоотойгоор “Мобиком”-ын ажилтнуудад дархан цаазат газрын бүсэд нэвтрэх зөвшөөрлийг хэн олгосон бэ, тэднийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн үү гэх асуулт олон нийтийн дунд үүсээд буй.
Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох ажлын нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, “Мобиком” корпорацын удирдлага болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 13 хүн, таван автомашинд энэ сарын 6–8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон. Уг зөвшөөрлийг холбогдох хүсэлт болон хуулийн заалтыг үндэслэн гаргасан гэжээ.
Харин Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа боловч одоогоор дээрх иргэдийг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээгүй байна.
Бид шалгалтын явцын талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл бичих