Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Уг шуурхай штабын үйл ажиллагааг тус яамны дэд сайдаар шинээр томилогдсон Б.Мөнхтамир ахлан зохион байгуулахаар болжээ. Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг цахимжуулж, аль ШТС-д шатахуун түгээж байгаа, нөөц болон үлдэгдэл ямар түвшинд байгааг бодит цагийн горимоор хянах цахим систем нэвтрүүлэх боломжийг судалж, зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ингэснээр шатахууны хангамж, түгээлтийн мэдээллийг шуурхай нэгтгэж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, нийлүүлэлтийн зохицуулалтыг сайжруулах боломж бүрдэх юм.
Үүний дараа хуралдааныг Б.Мөнхтамир ахалж, шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлт, ШТС-уудын үйл ажиллагаа болон авто замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны 134 вагоны тээвэрлэлт, татан авалтыг хурдасгах, Улаанбаатар хот болон орон нутгийн шатахууны нийлүүлэлт, түгээлтийг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн үйл ажиллагаа нь түр зогссон ШТС-уудын шалтгаан нөхцөлийг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг Монополын эсрэг газарт даалгав.
Улаанбаатарын төвийн гол замуудын дагуух ШТС-уудын гадна үүсэж буй автомашины урт дараалал нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ШТС-уудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх, түгээлтийг шуурхай зохион байгуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ авахаар боллоо. Шатахууны шуурхай штаб цаашид татан авалт, тээвэрлэлт, түгээлтийг хурдасгаж, нийслэл болон орон нутгийн шатахууны хангамжийг тогтворжуулах чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэжээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл бичих