Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 63 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Дасан зохицох сан, НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ийн Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын техникийн туслалцаатай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг малчин” төслийн нээлт боллоо.
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай суманд хэрэгжүүлэх “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин)” төслийн нээлтэд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Төслийн хүрээнд Баянхонгор болон Дундговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өндөр өртөмтгий бүсэд оршин суугаа 4000 орчим малчин өрхөд шууд хүртээмжтэй байх, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь цөлжилт, хатуу ширүүн өвөлжилт, ган, шар шороон шуурга зэрэг уур амьсгалын нөлөөлөлд хамгийн их өртдөг бөгөөд малчдын амьжиргаа бараг бүрэн хэмжээгээр мал аж ахуй, бэлчээрийн нөөцөд тулгуурладаг. Тэгвэл энэхүү төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгоно.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, “Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд “Ухаалаг малчин” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны судалгаанд үндэслэн дөрвөн сумыг сонгосон. Төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Эхнийх нь малчид зуд, ган зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлийг хэрхэн малын хорогдолгүй гарз багатай давах вэ гэсэн сайн жишгийг нэвтрүүлж, бусад аймагт үлгэрлэхээс гадна ноос ноолуур, арьс шир бэлтгэх цэг байгуулна. Хоёрдугаарт, малчдад зөв мэдээлэл түгээх, сошиал медиа, хэвлэл мэдээлэл, малчдад уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах юм” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих