Жеффри Эпштейнтэй холбоотой Монгол Улсын талаарх мэдээллийг танилцуулах үеэр шинжээч Ц.Элбэгдорж, түүний гэргий Х.Болормаа болон Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар нарын хамтран үүсгэн байгуулсан “Хүүхдийн ирээдүй, хөгжлийн гарц сан” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцууллаа.
Түүний танилцуулснаар тус төрийн бус байгууллага нь 2007 оны гуравдугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 оны гуравдугаар сарын 29-нд сангийн хэлбэрээр дахин бүртгүүлжээ. Улмаар 2011 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Халамжит гэр бүл” хүүхэд асрах төвийг ажиллуулах зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай авсан байна. Уг зөвшөөрлийг дахин сунгасан баримт бүртгэлээс илрээгүй гэж шинжээч мэдээлэв.
Мөн “Өнөр бүл” хүүхдийн төвөөс “Болор сан”-д 2010 онд 22, 2012 онд хоёр буюу нийт 24 хүүхдийг шилжүүлсэн талаар танилцууллаа.
Шинжээчийн танилцуулсан бүртгэлээр эдгээр 24 хүүхдийн 11 нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, тав нь сургуулиас гарсан, долоо нь шилжсэн бөгөөд нэг хүүхдийн боловсролын мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Мөн нэг хүүхдийн регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй байгаа бөгөөд хаягийн бүртгэлгүй, гар, хурууны хээний бүртгэл байхгүй гэж мэдээлэв.

Сэтгэгдэл бичих