УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:
-УИХ-ын дэгийн тухай хуулийн 71.14-т төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс эхлэн тодорхой асуудлыг байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр чиглэл өгч болно гэж заасан.
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжтэй холбоотой 46.6 тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлэх асуудал байна. Хоёрдугаарт, Боловсролын яамны түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн дэмжигдээгүй саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Байнгын хорооны даргын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 68.6 хувь дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэл өгч, Төсвийн байнгын хороонд буцаалаа.
Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2026.10.05/ 14:00 цагт 95 гишүүний буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үүнд:
-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ./

Сэтгэгдэл бичих