Долоон улсын бүлэг болох Их-7 нийлүүлэлтийн хомсдолыг бууруулж, үнийг өсөлтийг тогворжуулахын тулд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель хүртэлх газрын тос, дизель түлш гаргахаар тохиролцжээ. АНУ, Их Британи, Канад, Япон, Герман, Итали, Францын удирдагчид уг арга хэмжээг нэн даруй эхлүүлж, дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүний хүрээнд эхний 20 хоногт дизелийн нөөцийг их хэмжээгээр зах зээлд гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд цаашид нэмэлт дизель нийлүүлэхээр болжээ.
Энэхүү арга хэмжээг Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) зохицуулалтаар хэрэгжүүлэх юм. Харин 100 сая баррель нөөцийг яг ямар улс хэдий хэмжээгээр гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Их-7-ийн орнууд хоорондоо эрчим хүч болон эрчим хүчний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахгүй байхаар тохиролцсон аж.
Энэ шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Европын орнууд өөрсдийн дизелийн нөөцөө зах зээлд гаргахгүй бол АНУ дизелийн экспортоо хориглож магадгүй" гэж анхааруулсны дараа гарчээ.
АНУ дизелийн экспортоо хориглосон тохиолдолд дэлхийн зах зээлд нийлүүлэх түлшний хэмжээ буурч, улмаар нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэх эрсдэлтэй байв. АНУ нь дэлхийн томоохон дизель нийлүүлэгчдийн нэг бөгөөд өдөрт 1.2–1.5 сая баррель боловсруулсан түлш экспортолдог. Тиймээс АНУ-ын экспорт буурвал тус улсаас түлш импортолдог орнууд өөр нийлүүлэгч хайх шаардлагатай болж, дэлхийн зах зээл дээрх дизелийн үнэ өсөх дарамт үүсэх юм.
Дизель түлш нь ачаа тээвэр болон хөдөө аж ахуйд өргөн ашиглагддаг. Үнэ нь өсвөл тээврийн болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс Их-7-ийн орнууд АНУ-ыг дизелийн экспортдоо хориг тавихгүй байх, мөн стратегийн нөөцөөсөө түлш гаргах замаар дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн дарамтыг бууруулахаар тохиролцсон байна. Үүний дараа Трамп Баасан гаригт /2026.10.02/ Европын орнууд их хэмжээний дизелийн нөөцөө гаргахаар болсонд талархаж, “Европын хийсэн зүйл маш сайн хэрэг” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн АНУ дизелийн экспортод хориг тавихгүй гэж хэлсэн байна.
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээлд түүхий газрын тос болон боловсруулсан шатахууны нийлүүлэлт буурч, үнэ өсөөд байгаа юм. Үүний зэрэгцээ Украины халдлагын улмаас ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүд нь доголдож, дизелийн экспортоо хязгаарлаад байна. Ингэснээр дэлхийн дизелийн нийлүүлэлтэд нэмэлт дарамт үүсчээ. Улмаар Их-7-ийн орнууд боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээг уялдуулах замаар олон үйлдвэр нэгэн зэрэг зогсохоос сэргийлэхээр болсон байна. Мөн боломжтой улс орнуудыг дизель түлшний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалжээ.
Их-7-ийн шийдвэрийн дараа дэлхийн зах зээлийн гол жишиг болох "Brent" маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос түр доошилсон ч эргээд 102 орчим ам.долларт хүрчээ. Ойрхи Дорнодын дайн эхлэхээс өмнө "Brent" газрын тосны үнэ ойролцоогоор 73 ам.доллар байсан байна.

Сэтгэгдэл бичих