“Гаднынхны нүдээр Монгол” булангийн энэ удаагийн зочноор “Бадрах Энержи” ХХК-ийн Геологийн албаны захирал PhD, P.Geo Грегуар Андре-г урьж, Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, геологийн салбар дахь ажлын онцлог, монгол залуу боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлж буй туршлага болон компанийн дараагийн төсөл, төлөвлөгөөний талаар ярилцлаа.
- Та Монголд анх 2009 онд ажиллаж, 2025 онд дахин иржээ. Дахин ирэхэд таны хувьд энд хамгийн их өөрчлөгдсөн зүйл юу байв?
- Хамгийн том өөрчлөлт нь яах аргагүй Улаанбаатар хот байсан. Өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн байлаа. Нисэх онгоцны буудал ч өөр болжээ. Монгол Улсыг бүхэлд нь авч үзвэл, Улаанбаатар хот илүү орчин үеийн шинжийг агуулжээ.
Энэ бол сайхан дүр зураг. Учир нь нийслэл хот орчин үеийн барилга байгууламж, дэд бүтэцтэй болж, ард иргэд нь ч англиар ярьж байна. Мэдээж ихэнхдээ залуучууд, гэхдээ зөвхөн тэд ч биш, хүмүүстэй харилцахад маш хялбар болсон. Таксинд англи хэлтэй жолоочтой таарах нь түгээмэл болж.
Мөн биедээ заавал бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон. Бараг бүх төлбөрийг цахимаар төлж болдог болсон нь гайхалтай. Надад тохиолдсон нэг хөгжилтэй явдлаасаа хуваалцахад өнгөрсөн жил би ирээд онгоцны буудалд АТМ байхыг хараад ихэд баярласан. Учир нь миний санаж байгаагаар 2009 онд Улаанбаатарт АТМ байгаагүй юм. Тухайн үед би АТМ-ээс аль болох их хэмжээний бэлэн мөнгө авлаа. Тэгээд хотод ирээд үйлчлүүлсэн эхний рестораныхаа төлбөрийг бэлнээр төлөх гэхэд хүмүүс над руу гайхаж харсан. Яг л “Энэ нөхөр хаанаас ирсэн юм бол? Харь гаригийнх юм болов уу?” гэсэн шиг л ширтэж байлаа. /инээв/ Тэгэхээр одоо би бусдын адил картаараа эсвэл утсаараа төлбөрөө хийж болно. Тэр нь миний хувьд гэнэтийн зүйл байсан. Мэдээж Улаанбаатар өмнөхтэйгөө адилгүй болсон ч гараад явахад үзэх, үйлчлүүлэх зүйл ихтэй аялал жуулчлалын олон газар бий болсон байна лээ. Үүнээс бусдаар 15 жилийн өмнө миний мэддэг байсан Монгол хэвээрээ гэж би бодож байна. Тийм ч олон өөрчлөлт гараагүй.
- Та Монгол, Канад, Австрали, Узбекистан, Нигер зэрэг улсад ураны хайгуул, олборлолтын салбарт ажиллажээ. Эдгээр улс орнуудыг харьцуулахад Монголын ураны геологи хайгуулын онцлог, боломжийг та хэрхэн үнэлдэг вэ?
-Монгол Улс дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Геологийн хувьд маш их нөөц боломж бий.
Одоо урагшилж байгаа гол асуудал нь хайгуулын ажлыг нээх буюу эхлүүлэх эрх зүйн орчинтой илүү холбоотой. Энэ нь зөвхөн уран биш. Монгол Улс газрын ховор элемент болон стратегийн ач холбогдол бүхий металлын хувьд ч маш өндөр нөөцтэй. Яам энэ боломжийг илүү үнэ цэнтэй болгох чиглэлд зөв алхам хийж байна гэж би бодож байна. Зорилго нь зохицуулалтуудыг өөрчилж, шинэчилж, хайгуул болон олборлолт хийхэд илүү их боломж, нөхцөл бүрдүүлэх явдал юм.

- Oрано компани 1997 оноос Монголд ураны хайгуул хийж, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн. Геологич хүний нүдээр эдгээр хоёр ордыг юугаараа онцлог гэж та хэлэх вэ?
- Тодорхой хэмжээний нөөцийг улсын хэмжээнд албан ёсоор ангилан бүртгэсэн байдаг. Тиймээс бид цорын ганц компани биш ч эдгээр ордыг олборлож эхлэх шатандаа хамгийн ойр ирээд байгаа буюу хамгийн их ахицтай байгаа нь юм.
Дулаан-Уулаас эхэлье л дээ. Энэ орд үнэндээ тийм ч өвөрмөц биш. Энэ бол маш түгээмэл roll-front (хавирган сар) төрлийн орд. Төв Азид, Казахстан болон Узбекистанд үүнтэй төстэй ордууд бий. Мөн Хятадын хойд хэсэгт ижил төстэй ордууд байдаг. Тэдгээр нь ижил шинж чанартай. Үнэндээ энэ бол бидний нээсэн анхны орд.
Харин Зөөвч-Овоо хэд хэдэн шалтгаанаар үнэхээр өвөрмөц. Ураны нөөцийн хэмжээгээрээ дэлхийн хэмжээний том орд бөгөөд техникийн үзүүлэлтүүд нь сонгодог roll-front буюу хавирган сар төрлийн ордоос өөр. Маш нягт бүтэцтэй.
Ерөнхийдөө roll-front хавирган сар төрлийн орд нь нарийн, маш урт хэлбэртэй байдаг. 10, 15, 20, бүр 30 километрт сунасан урт байж болох ч өргөн нь хэдхэн зуун метр байдаг.
Мөн Зөөвч-Овоо бол маш том, нягт бүтэцтэй орд. Бид үүнийг төмс гэж нэрлэдэг юм. Энэ нь маш том төмс. Тиймдээ ч маш содон, өвөрмөц тогтоцтой орд. Монголд үүнтэй адил нэгээс олон орд байгаа гэж бид найдаж байна.
- Эдгээр ордыг илрүүлж, нөөцийг тогтоохын тулд маш их хэмжээний өрөмдлөг, судалгаа хийсэн. Та 2009–2012 онд Монголд ажиллахдаа 210 мянга гаруй тууш метрийн өрөмдлөгийн ажлыг удирдсан гэлээ. Тэр үеийн хайгуулын ажлаас санаанд тань хамгийн тод үлдсэн, багагүй сорилт болсон зүйл юу вэ?
- Тэр үед гол сорилт нь өрөмдлөг хийх, өрөмдлөгийг чанартай, аюулгүй хийх явдал байсан. Бид хэд хэдэн гэрээлэгчтэй хамтран ажилладаг байсан бөгөөд стандартуудаа мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд тэдэнтэй маш ойр, нягт арга барилаар ажилладаг байлаа.
Тэр үед манай төв оффис болон бусад охин компаниудаас багагүй дэмжлэг авч байсан. Тэдгээр нь Монголын компаниудад аюулгүй ажиллагаа болон чанарын түвшинг бидний хүсэж байсан хэмжээнд хүргэхэд тусалсан.
Тиймээс тэр цаг хугацааг бидний суралцах, хамтран ажиллах үе байсан гэж тодорхойлох юм. Тухайн үеийн ажлын эцсийн үр дүн маш сайн байсан ба хоёр ч компани сайн стандартын түвшинд хүрсэн. Өнгөрсөн жил бид тэдгээрийн нэгтэй нь дахин хамтран ажиллаж эхэлсэнд би маш их баяртай байгаа. Тэд өнөөдөр ч чанар, аюулгүй ажиллагааны ижил түвшинг хадгалсаар байна. Тиймээс тэр үеийг би жинхэнэ утгаараа ноу-хау шилжүүлж, хамтдаа өсөж, хөгжсөн үе гэж онцолдог.
- 1997 оноос хойших ураны хайгуулын явцад олон монгол залуу мэргэжилтэн ураны геологи, хайгуулын чиглэлээр мэргэшсэн. Та Монгол геологичдын ур чадвар, ажлын арга барилыг хэрхэн үнэлдэг вэ? Олон улсын түвшинд өрсөлдөх ямар давуу тал тэдэнд байна гэж хардаг вэ?
- Монгол компаниуд маш уян хатан. Тэд аливааг маш хурдан хүлээн авч хөрвөж, мөн маш хурдан суралцдаг. Тэдэнд стандарт гэж юу болох, түүнд хэрхэн хүрч болохыг нэг, хоёр, гуравхан удаа харуулахад л тэд үүнийг хүлээн авч, тэр дор нь хэрэгжүүлж, дараа нь тэр нь стандарт болдог. Энэ бол стандарт түвшинд хүрэх суралцах муруй юм.
Тиймээс бид маш хурдан ахиц гаргасан. Би 2-4 жил ажилласан бусад улс орнуудтай харьцуулахад суралцах хурд нь тийм үр дүнтэй байгаагүй.
Тэд аль болох хурдан ахиж, стандартад хүрэх маш хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байдаг. Мөн тэд маш сайн сонсогч. Өөрсдийнхөөрөө л хийх гэж зүтгэхгүй, зөвлөгөөг үл тоодоггүй, харин ч маш сайн сонсдог. Мөн хүн хүч, материалын хувьд хөрөнгө оруулахад бэлэн байдаг.
Тиймээс миний хувьд Монгол бол хурдан, чанартай дасан зохицох чадвараараа миний ажиллаж байсан хамгийн шилдэг орнуудын нэг. 15 жилийн өмнө, хайгуулын үйл ажиллагаа ид өрнөж байх үед геологийн баг маань ойролцоогоор 60-70 хүнтэй байсан. Харин өнгөрсөн жил буцаж ирэхэд геологийн баг өөр өөр хэлтэст хуваарилагдсан ердөө тав орчим хүнтэй байлаа.
Нэг жилийн өмнөөс бид “Бадрах Энержи” ХХК-д бүрэн хэмжээний геологийн багийг дахин бүрдүүлсэн. Өнгөрсөн жил 50 гаруй, энэ жил 65 хүнтэй болсон. Ирэх жил багийнхаа бүрэлдэхүүнийг дахин нэмэгдүүлнэ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд өөр өөр мэргэжлийн туршлага хуримтлуулсан хуучин ажилтнуудынхаа заримыг эргүүлэн ажиллуулах боломж бидэнд олдсон.
Бид Монголын их, дээд сургуулиудын шинэ төгсөгчдийг мөн ажлын байраар хангаж байна. Түүнчлэн Дорноговь аймгийн орон нутгийн залуучуудыг ажилд авч байгаа. Манай багийн 30 хувь нь туршлагатай мэргэжилтнүүд, 30 хувь нь туршлага хуримтлуулж байгаа залуучууд, 30 хувь нь ямар ч туршлагагүй маш залуу ажиллах хүчнээс бүрдэж байна.
Тиймээс энэ бол үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд маш сайн хослол юм. 15 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүмүүсийг одоо харах нь ээ, тэдний зарим нь өдгөө өөр өөр компаниудад ураны чиглэлээр ажиллаж байна. Зарим нь алтны салбарт, зарим нь төрийн байгууллагад ажилладаг.
Энэ нь бид хамт ажиллагсдаа сургаж, геологийн ур чадварынх нь түвшинг дээшлүүлдэг гэсэн үг. Тэд 5, 10, 15 жилийн дараа өөр чиглэлд шилжиж, Монголын мэргэжилтнүүдийн нийт экосистемийн сүлжээнд хувь нэмрээ оруулж чадна. Энэ бол маш сайн зүйл. Бид хайгуулын өргөн хүрээний экосистемийн салбарт хувь нэмрээ оруулах 60-90 хүнтэй багтай болно. Энэ зөвхөн бид өөрсдийнхөө төлөө биш, Монгол Улсын ашиг тусын төлөө юм.
Өрөмдлөгийн тухайд бид 20 жилийн өмнө “ОрдГео” компанитай хамтран ажиллаж байсан. Бид тэдний ажлын чанарыг сайжруулахын тулд хэдэн жилийн турш хамтран ажилласан ба өдгөө тэд 15 жилийн өмнөхтэй адил, хамгийн өндөр стандартын чанартай ажлыг гүйцэтгэж байна.
Хайгуулын үед бид чулуулгийг шинжлэхийг эрмэлздэг. Бидний өрөмдлөг хийдэг бүсийн чулуулаг нь элс байдаг тул маш хэврэг. Элсээр өрөмдөх үед газрын гадаргаас 200 метрийн гүнээс дээжийг бүрэн авч гарахын тулд өндөр түвшний ур чадвар шаардлагатай.
Энэ компани дээжийг 90-ээс дээш хувийн гарцтай авч ажиллаж чаддаг. Энэ бол энэ төрлийн тунамал чулуулгийн хувьд миний ажиллаж байсан аль ч улс оронд харж байгаагүй дээжлэлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Тиймээс тэд жинхэнэ мэргэжлийн ур чадвартай.
15 жилийн өмнө бидэнтэй ажиллаж байсан хэд хэдэн өрмийн мастерууд одоо залуу боловсон хүчнийг сургаж, шинэ үеийнхэнд мэдлэгээ өвлүүлж байна. Мэдлэг, туршлагаа хадгалж, хуваалцаж байгаа нь маш сайхан санагддаг. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам чанар нь сайжирч байна. Бид олж авсан мэдлэгээ алдаагүй, харин ч цаг хугацааны явцад улам сайжруулж байна. Энэ нь монголын үндэсний компаниуд болон манай компанийн хоорондын маш үр өгөөжтэй хамтын ажиллагаа байсан.
- Та ураны хайгуулаас гадна Казахстан, Узбекистан зэрэг оронд ISR буюу газар доор уусган олборлох технологийг үйлдвэрлэлд бэлтгэх, нөөц тогтоох чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн. Таны хуримтлуулсан энэ туршлага тань Монголын нөхцөлд хэрхэн ашиглахуйц боломжтой вэ?
- Улс орон бүр, орд бүр өөрийн гэсэн онцлогтой. Хэдийгээр ижил төстэй, харьцуулж болох талууд байдаг ч яг адилхан биш. Тиймээс бид тодорхой хэмжээнд заавал тохируулга хийх шаардлагатай.
Бид бусад улс оронд юу болж, юу нь болохгүй байгааг харьцуулж үзээд, дараа нь түүнд нь нийлцүүлнэ. Учир нь геологи, уур амьсгал, газрын гүн, агуулга нь ч харилцан адилгүй. Тиймээс өөр өөр газар ажиллаж байгаа аргаас үр дүнтэйг нь авч, тодорхой туршилт хийж, техникийн үзүүлэлтүүдийг тохируулан нарийвчлах хэрэгтэй. Тухайн бүрд нь дахиад эхэлж байгаа мэт санагддаг ч үнэндээ энэ бол давталт буюу ахиц дэвшлийн мөчлөг. Яг тэгээс эхэлж байна гэсэн үг биш. Бид мэддэг зүйлээсээ, бусад улс оронд ажиллаж байгаа үр дүнтэй аргаас эхэлдэг.
Өдгөө бид Казахстантай эрчимтэй хамтран ажиллаж байна. Учир нь Казахстан биднээс хэд хэдэн алхмын өмнө явж, геологийн болон байгалийн нөхцөл нь нэлээд төстэй орчинд ISR (ГДУО) уурхайнуудыг амжилттай ажиллуулж байна. Казахстанаас олон мэргэжилтэн энд ирж байна. Тэд зөвлөгөө өгнө, бид туршина, тэгээд Монголын нөхцөлд тохируулж ажиллуулна. Тиймээс бид бусад улс оронд үр дүнтэй байгаа аргаас авах хэрэгтэй ч Монгол орны онцлогт тохируулна. Геологи, техникийн үзүүлэлт, ур чадвар, хүмүүсийн хувьд тохируулна. Яг л нэг зүйл мэт боловч тэр бүр өөр байдаг.
- Цаашид Монголын ураны нөөцөд ямар шинэ нээлт хийх боломжтой гэж бодож байна?
- Монгол Улсад маш их боломж бий. Бид шинэ орд нээнэ гэж найдаж байна. Учир нь энэ бол ураны хайгуулчид бидний “ДНХ”-д байдаг зүйл. Одоо олборлож байгаа ураны ордуудын ихэнхийг ураны хайгуулын мэргэжилтнүүд нээсэн. Тиймээс бид зөвхөн уурхайчид биш. Бид мөн геологичид тэр дундаа хайгуулын геологичид. Дулаан-Уул, Зөөвч-Овоог 15-20 жилийн өмнө бид нээсэн. Одоо Монголд дараагийн томоохон ордыг нээнэ гэдэгтээ итгэлтэй байна.
- Та 20 гаруй жил уул уурхайн салбарт ажиллахдаа олон улс, олон төрлийн орчинд ажиллажээ. Монголд ажиллахад гадаадын мэргэжилтний хувьд дасахад хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
- Хамгийн том сорилт бол өвлийн улирал. Ялангуяа хээрийн нөхцөлд ажиллах үед яах аргагүй өвөл маш хүнд нөхцөл юм. Өмнө нь бид өвлийн улиралд, ойролцоогоор 11 дүгээр сарын дунд үеэс бүх үйл ажиллагаагаа зогсоож, 3-4 дүгээр сард дахин эхлүүлдэг байсан.
Ажилтнууд амралтаа авч өвлийг Улаанбаатарт өнгөрөөдөг байсан. Энэ үед геологичид тайлангаа нэгтгэн боловсруулахын зэрэгцээ дараагийн хайгуулын ажлаа төлөвлөх боломжийг олгодог байлаа. Харин одоо уурхайн хувьд бид өвлийн нөхцөлд дасан зохицох шаардлагатай. Учир нь уурхай хэзээ ч зогсохгүй. Уурхайг эхлүүлсэн бол 30 жилийн турш ажиллуулна.
Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл ажиллаад, маргаашаас нь ажлаа дахин үргэлжлүүлэх хэрэгтэй. Миний хувьд хамгийн том сорилт нь өмнө нь улирлын чанартай ажилладаг байсан горимоос бүтэн жилийн турш ажиллах горимд дасан зохицох явдал. Тэгэхээр энэ бол миний хувьд том сорилт. Үүнийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг нь өмнө нь дурдсанчлан Монголын хамтран ажиллагсад дасан зохицохдоо маш сайн, уян хатан байдагтай холбоотой. Тиймээс бид шийдлүүдийг хамтдаа олно, хэрэгжүүлнэ, сайжруулна. Ингээд энэхүү шинэ үйл ажиллагааны горимыг практикт амжилттай нэвтрүүлнэ. Өвлийн улиралд ажиллах зөв арга барилыг бид олно гэдэгт би маш өөдрөг байдаг.
- Орон нутгийн иргэд мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан заримдаа төслийг эсэргүүцэх тохиолдол гардаг. Таны бодлоор компаниуд монголчууд, орон нутгийн иргэдтэй хамтран энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
- Би үүнд арай өөр байр суурьтай байдаг. Жишээ нь, өнгөрсөн жил би байр хайж байхдаа хэд хэдэн газар үзэж, эзэдтэй нь уулзсан. Тэд бүгд надаас “Та юу хийдэг вэ? Аль компанид ажилладаг вэ?” гэж асууж байсан.
- Тэдгээр нь орон нутгийн иргэд байсан уу?
Тэд Улаанбаатарт амьдардаг монголчууд байсан. Тэд бүгд манай компанийг мэддэг, ураны талаар ч ойлголттой байсан. Мөн энэ төслийг орчин үеийн хөгжил дэвшил, ирээдүй рүү тэмүүлж буй алхам гэж харж байсан учраас бүгд эерэг хандлагатай байлаа.
Тиймээс хүмүүс биднийг мэддэг, бидэнд эерэг хандаж байгаа нь надад их сайхан санагдсан. Одоо бидний Дорноговь аймаг дахь бүх үйл ажиллагааг харвал манай багийн 95 хувь нь монголчууд. Мөн Дорноговийн олон ажилтан манайд ажилладаг. Эдгээр ажилчид төсөл эхэлж байхаас л бидэнтэй хамт ажиллаж ирсэн.
Бид жил бүр шинээр ажилтан авдаг цөөн хэдэн ажлын байр бий. Тэдгээрт ихэвчлэн залуучууд ажилладаг бөгөөд тэд бидэнтэй ажиллахдаа маш баяртай байдаг. Ихэвчлэн тэд хэдэн жил ажиллаад, дараа нь сургуульдаа буцаж орох эсвэл үргэлжлүүлэн суралцахаар явдаг.
Бид тэдэнтэй байнга уулзаж, хамтран ажилладаг. Тэд бидний төлөө ажиллахын зэрэгцээ бидэнтэй нягт хамтран ажилладаг.
Бидний хувьд бол галт тэрэг хөдөлсөн, одоо галт тэргийг зогсоох боломжгүй. Бүгд галт тэргэнд суусан, хэн ч буудал дээр үлдэхгүй.
20 жилийн өмнө үйл ажиллагаа бага, хүмүүс биднийг юу хийж байгааг мэддэггүй байсан үетэй харьцуулахад гарсан өөрчлөлтийг би маш эергээр харж байна. Одоо миний анзаарснаар Улаанбаатарт хүмүүс биднийг мэддэг болсон. Сайншандад ч мөн мэднэ. Тэд биднийг хөгжил дэвшил, ажлын байр, эрчим хүч, төсөл хэрэгжих газар руу чиглэсэн тээврийн дэд бүтцийг авчирч байна гэж хардаг. Тиймээс бид хэрхэн хамтран ажиллах талаар би маш өөдрөг байна.
- Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарах өнөөгийн хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байна вэ? Хууль тогтоомж, улс төрийн орчин нь гадаадын хөрөнгө оруулагч компаниудын Монголд ажиллахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Манай төслийн хувьд өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь томоохон үе шат юм. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээний цоо шинэ загвар.
Энэ нь Монгол Улс энэхүү төслөөс хэр хэмжээний ашиг хүртэхийг тодорхойлсон. Бидний зорилго бол Монгол Улстай түншлэн ажиллаж, төрийн хувьд ч, төслийн ойр орчимд амьдардаг орон нутгийн иргэдийн хувьд ч энэ төслөөс үр өгөөж хүртэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс энэ асуудлыг бид удаан хугацаанд анхаарч, шийдвэрлэсээр ажилласан ирсэн бөгөөд одоо байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд энэ асуудлыг тусгасан.
- Танай компани шинэ хайгуулын лиценз авах сонирхолтой байгаа гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
- Зөөвч-Овоогийн төслийн хөрөнгө оруулагч Франц улсын төрийн өмчит Орано компанийн хувьд энэ төсөл нь зөвхөн эхлэл бөгөөд цаашид уурхайн ашиглалтын хугацааг уртасгахын тулд Монголд илүү их ураны нөөц илрүүлэхийг зорьж байна.
Уурхай бол томоохон хөрөнгө оруулалт шаарддаг төсөл. Мэргэжилтнүүдийг бэлтгэх, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон төрлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс 30 жилийн ашиглалтын хугацаатай Зөөвч-Овоогийн ордын хувьд нэмэлт нөөц байхгүй бол 30 жилийн дараа энэ бүх үйл ажиллагаа зогсоно.
Компани болон Монгол Улсын аль алинд нь үр өгөөжтэй байлгахын тулд бид илүү их ураны нөөц нээж, Зөөвч-Овоогийн ашиглалтын хугацаа дууссаны дараа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байхыг зорьж байна. Тиймээс 20-30 жилийн өмнө хийж байсан шигээ хайгуулын ажлаа дахин эхлүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Манай компани хайгуулын чиглэлээр мэргэшсэн охин компанитай бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран шинэ хайгуулын зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Тухайлбал, Дорноговь аймагт хайгуул хийхээр лиценз хүссэн өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт аль хэдийн гаргасан.
Бид ирэх хавар гэхэд хайгуулын ажлаа эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангаж, ирэх онд шинэ лицензүүдээ авч, хайгуулын ажлаа эхлүүлнэ гэж хүлээж байна. Ингэснээр Зөөвч-Овоогийн төслийн урт хугацааны ирээдүйг баталгаажуулах боломжтой болно гэдэгт би маш өөдрөг байна. Нэг үгээр, бид 20-30 жилийн өмнөх шигээ хайгуулын салбарт анхдагчдын хувиар Монголд эргэн ирнэ гэж найдаж буй.
- Танай компани байгаль орчныг сэргээх ажлыг хэрхэн хийдэг вэ?
- Өрөмдлөгийн үйл ажиллагаанаас үлдэх ул мөр маш бага. Өрмийн машин өөрөө ачааны машинаас жижиг. Өрөмдсөн цооногийн диаметр нь 10 гаруй сантиметр л байдаг.
- Тийм үү, их том хэмжээтэй гэж би бодож байлаа.
- Үгүй ээ, өрөмдлөгийн цооног жижигхэн. Диаметр нь маш бага. Бид дээж авсны дараа цооногийг цементээр дүүргэдэг. Ингэснээр усны өөр өөр түвшнүүдийн хооронд ус нэвчихгүй, цооног цэвэр, битүү байх нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Үүний дараа тархсан цементийг нь цэвэрлээд, хөрсийг өмнөх байдалд нь буцааж техникийн нөхөн сэргээлт хийдэг. Ерөнхийдөө тухайн талбайд өнгөн хөрс байгаа бол түүнийг хуулж аваад, дараа нь буцааж тавьдаг. Нэг жилийн дараа энд өрөмдлөг хийж байсан гэдэг нь анзаарагдахгүй, нөхөн сэргэдэг. Маш бага ул мөр үлддэг.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих