"Би багаасаа л малын зах бараадаж өссөн. Өөрийн эзэмшлийн малаа тасалж, эхнэртэйгээ нийлээд зургаан жил болж байна. Гэр бүлийн санхүүгээ мал, цагаан идээ боловсруулж, заран залгуулдаг.
Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн мал маллах арга ухааныг өвлөж явна даа. Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын айл. Газрын гарц муухан л байна. Хүмүүс махны үнэ нэмэгдлээ, малчид баяжиж дууслаа л гэдэг юм билээ. Яг үнэндээ малчид овойж оцойтлоо баяжсан зүйл байхгүй шүү дээ. Анх гэр бүл болохдоо нэг үхэр, адууг сая төгрөгөөр, хонио 120-150 мянган төгрөгийн хооронд борлуулж байсан.
Энэ намар нэг хонийг 350 мянган төгрөгөөр өглөө. Одоохондоо үхэр зараагүй учраас ханшийг нь мэдэхгүй байна. Гэхдээ тарган сайн үхэр гурван сая төгрөгөөс буухгүй байх аа. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад малын үнэ өссөн юм шиг харагдавч бусад бүтээгдэхүүн үнэтэй болохоор дүндээ дүн болж байна. Манайх хоёр сар болоод гурил, будаа, төмс, ногоо гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг.
Жилд мал зараад 10 гаруй сая, цагаан идээгээ боловсруулан зарж 5-6 сая төгрөгийн орлого олдог. Нийлүүлээд бодохоор жилд хамгийн багадаа 18 сая төгрөгийн орлоготой.
Хүмүүс өөрсдөө мал малладаггүй учраас амархан юм шиг санагддаг байх. Гэвч бодит байдалд газрын гарц муу байвал багадаа таван сая төгрөгөөр өвс, нэмээд тэжээл хивгийг таван сая төгрөгөөр авдаг. 10-аад саяд өвс, тэжээл авах учраас малын үнэ өссөн ч зарлага хэвээр байна.
Хүн бүл цөөтэй болохоор сумын төв, аймагт очиж махаа зарах нь ховор. Гэрийн гаднаа ченжүүд ирж худалдаж авна. Тэд цаашаа нэг кг тутамд 6000-7000 төгрөг нэмж зардаг юм билээ. Боломж нь байвал өөрсдөө төв ороод заръя гэж боддог" хэмээн малчин Э.Хишигбаяр ярилаа.
Жилээс жилд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, зах зээлийн хуульд захирагддаг. Гэвч есөн сарын өмнө нэг кг нь дунджаар 15,000 төгрөг байсан мах 35000 болж огцом өсжээ. Малын мах бидний гар дээр ирэхдээ ихэвчлэн малчны хот, махны ченж, зах, дэлгүүр гэсэн дараалалтай. Тиймээс махны үнэ огцом өссөнөөр малчдын орлого өссөн эсэх талаар малчдаас тодрууллаа.

Сэтгэгдэл бичих