Тус аяныг 2026 оны 6-р сард Архангай, Завхан аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны баг 9-р сарын 28-29-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт, 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тус тус ажиллав. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026”-ын хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах эрхтний чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн иргэдэд үзлэг, оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн.
Үүний зэрэгцээ иргэдэд эрүүл мэндээ тогтмол хянах, өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон аяны нээлтэд Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Нандинцэцэг, ХААН Банкны Замын-Үүд салбарын захирал Д.Баярмаа нар оролцож, иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Энэ жил аяныг Замын-Үүд суманд анх удаа хэрэгжүүлсэн нь онцлогтой. Монгол Улсын өмнөд хилийн томоохон боомт, тээвэр логистикийн зангилаа болсон Замын-Үүд суманд хүн амын хөдөлгөөн, тээвэр, худалдааны урсгал эрчимтэй байдаг. Үүний зэрэгцээ хуурай, эрс тэс уур амьсгал, тоосжилт, хөдөлмөр эрхлэлт, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйл иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын арга хэмжээг иргэдэд тогтмол хүргэх нь чухал болохыг эмч нар хэлж байна.
Өдөр тутмын олон ажлынхаа дунд өөрийн эрүүл мэндэд цаг гаргаарай. Цусны даралтаа тогтмол хянаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг иргэд та бүхэнд уриалж байна.

Сэтгэгдэл бичих