АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна


9-р сарын 30
16 цаг 15 минут

АНУ-ын цэргүүд Ирак дахь сүүлчийн баазуудаа лхагва гарагт орхин гарснаар тус улсын аюулгүй байдалд хоосон орон зай үүсэж, Иранаас дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд нөлөөгөө улам бэхжүүлж, “Лалын улс” бүлэглэл дахин хүчээ авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

 

Иран болон түүний холбоотнуудын хувьд ялалт хэмээн үзэж буй цэргээ гаргах энэхүү шийдвэрийг 2024 онд Ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед гаргасан бол өөрийн дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан Иракт нөлөөллөө хадгалж байдаг Ирантай дайтаж байгаа хэдий ч Дональд Трампын засаг захиргаа уг шийдвэрийг хэрэгжүүлж байна. 

 

АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд дарангуйлагч Саддам Хуссейныг түлхэн унагаснаас хойш 23 жилийн дараа АНУ-ын цэргүүд ийнхүү Иракаас гарч байна. Саддам Хуссейныг түлхэн унагасны дараа тус улсад эмх замбараагүй байдал газар авч, улмаар “Лалын улс” бүлэглэл хүчээ авахад хүрсэн юм.

 

АНУ-ын цэргүүдийг гаргахыг Иракийн иргэдийн дийлэнх нь ерөнхийдөө дэмжиж байгаа боловч 20 гаруй жил үргэлжилсэн дайны үеэр АНУ-ын 4500 цэрэг амь үрэгдсэн тус улсад АНУ-ын сургаж, санхүүжүүлсэн аюулгүй байдлын хүчнүүд улс орноо дангаараа хамгаалж чадах эсэхэд зарим хүн санаа зовниж байна.

 

“Аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх нь туйлын аюултай байж болдгийг өнгөрсөн хорин жилийн сургамж харуулсан” гэж аюулгүй байдлын хүчнүүдэд зөвлөгөө өгдөг Иракийн шинжээч Жассим аль-Бахадли хэлжээ. 

 

АНУ-ын цэргүүд 2003 онд  Ирак руу довтлон орж, улмаар шиит шашинтнууд тэргүүлсэн засгийн газрыг байгуулж, эхлээд Саддамыг дэмжигчид, дараа нь "Аль-Каида"-тай олон жилийн турш дайн хийсний эцэст 2011 оны сүүлчээр цэргээ гаргасан юм. Харин үүнээс гурав хүрэхгүй жилийн дараа АНУ-ын цэргүүд Иракийн хүчнийхэнд суннит зэвсэгт бүлэглэл болох "Лалын улс"-ыг ялахад туслах зорилгоор Иракт эргэн ирсэн билээ. Энэ дайн 2014-2017 онд үргэлжилсэн юм. 

 

“Иракийн эрх чөлөө” ажиллагааны үеэр Афганистанд зэрэг явуулсан дайнд /2021 онд цэргүүдээ гэнэт татсанаар дууссан/ амь үрэгдсэн цэргүүдийн тооноос бараг хоёр дахин их цэрэг амь үрэгдсэн байна. Энэ жил Ираны эсрэг явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын 18 цэрэг амиа алдсаны долоо нь Иракт байрлаж байсан цэргүүд байжээ. 

 

Иран улс Америкийн цэргүүдийг Ойрх Дорнодоос бүрмөсөн гаргахыг эцсийн зорилгоо хэмээн мэдэгддэг. Тиймээс Иракаас АНУ-ын цэргүүд гарч байгааг бүс нутаг даяар үйл ажиллагаа явуулдаг холбоотон зэвсэгт бүлэглэлүүдээс бүрдэх “эсэргүүцлийн тэнхлэг”-ийнхээ ялалт хэмээн Техран үзэж байна.

 

 

 

 

"Барууны цэргийн хүч байхгүй болсон нөхцөлд Иранаас дэмжлэгтэй бүлэглэлүүд улам бүр хүчирхэгжсэнээ мэдэрч болзошгүй байгаа нь санаа зовоож буй хамгийн гол асуудал юм. Эдгээр бүлэглэл төрийн бодлогыг тодорхойлоход оролцох, гол байгууллагууд дахь байр сууриа бэхжүүлэх, нөлөөгөө өргөжүүлэхийг оролдож магадгүй” гэж Багдадад ажилладаг улс төрийн шинжээч Ахмед Юнис ярилаа. 

 

Иракийн холбооны засгийн газар болон хойд нутгийн өөртөө засах эрх бүхий Курдийн бүс нутгийн аюулгүй байдлын зарим албан тушаалтны үзэж байгаагаар, АНУ-ын цэргүүд гарч байгаа нь “Лалын улс” бүлэглэлийн дайчдыг дахин идэвхжихэд хүргэж болзошгүй байна. Тус бүлэглэл өөрсдийн зарлан тунхагласан халифатын улсаа бараг арван жилийн өмнө алдсан хэдий ч нууц үүрүүдийн сүлжээгээ хадгалсаар байгаа аж.

 

Ид хүчээ авч байх үедээ “Лалын улс” бүлэглэл Иракийн нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзэлж, АНУ-ын хуучин цэргийн бааз дотор хүмүүсийг буудаж алж буйгаа дүрс бичлэгт үлдээж,  олон мянган хүнийг хядсан юм.

 

АНУ-ын цэргүүд тус бүлэглэлийн үйл ажиллагааны талаарх тагнуулын чухал мэдээлэл цуглуулах, агаараас тандалт хийх, тагнуулын болон ажиглалтын ажиллагаа явуулахад Иракийн аюулгүй байдлын хүчнүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн байна.

 

"Одоо хамгийн чухал асуулт бол Иракийн аюулгүй байдлын байгууллагууд эвслийн цэрэг гарсны дараах үед хэрэгжүүлэх "Б төлөвлөгөө"-г бэлтгэсэн эсэх явдал юм" гэж "Лалын улс"-ын эсрэг дайнд бригад удирдаж байсан Иракийн армийн чөлөөндөө гарсан хурандаа Мохаммед аль-Жубури хэллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ1 цаг 3 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна1 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 4 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ1 цаг 5 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно1 цаг 5 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна1 цаг 6 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ1 цаг 7 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ1 цаг 8 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 8 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав1 цаг 57 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.