БОУАӨЯ ойн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход Даян дэлхийн ногоон хөгжлийн институцтэй хамтран ажиллахаа мэдээллээ.
Монгол Улсад Даян дэлхийн ногоон хөгжлийн институцийн төлөөлөгчийн газрыг 2014 онд байгуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих, тогтвортой хот байгуулах, ногоон хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Тус байгууллагын Азийн Бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Жэсон Ли нарын хүмүүстэй БОУАӨЯ-ны төлөөлөл уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай санал солилцов.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институцийн буцалтгүй тусламжийн хүрээнд олон улсын санхүүжилтээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Бодлого, хууль тогтоомж боловсруулах, судалгаа, хөрөнгө оруулалтын бэлтгэл, ТЭЗҮ боловсруулах, ногоон санхүүжилтийн платформ бий болгох, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд тодорхой үр дүн гарч байгааг БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн тэмдэглэлээ.
Мөн Ойн газар, ХХААХҮЯ-тай хамтран “Ойн санхүүжилт хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Цаашид хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх, инновацлаг санхүүгийн хэрэгсэл бий болгох, бодлогын уялдааг сайжруулах, салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх механизм хөгжүүлэх сонирхолтой байгааг талууд онцолжээ.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институцээс Улаанбаатар хотын төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй, нам даралтын зуух ашиглаж буй, төрийн 10-15 байгууллагад түүхий нүүрсний хэрэглээг хэмжих тоолуур суурилуулж, хэрэглээг тогтоох судалгаа хийж байгаа. Улмаар эдгээр байгууллагын нам даралтын зуухыг хийн хэрэглээнд шилжүүлэхэд анхаарахаа дурдаад, ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ногоон бонд босгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих