Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэж албаныхан мэдээлээд буй. Гэхдээ том хүн, хүүхэд хэдэн төгрөг төлж дүүжин тээврээр зорчих үнийг одоогоор тогтоогоогүй байгаа юм.
Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус тээвэр нь нийт 98 кабинаар цагт 2,320 хүн тээвэрлэх юм байна. Тэсвэрлэх салхины дээд хурд нь 70км/цаг.
Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж, Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Ажлын явцын талаар “Моннис инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан: Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо, туршилтын ажлуудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хийж байна.
Манай компани Францын "Пома" групптэй хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж чадна гэсэн байр суурьтай байгаа.
12 дугаар сарын 15-н гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Дүүжин тээврээр зорчих дүрмийн тухай "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээвэр зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай дүрэм, журмыг Францын "Пома" группээс хүлээж авсан. 48 дүрэм, журам боловсруулсныг монгол хэл рүү орчуулаад байна.
Энэхүү дүрэм, журмыг ирэх долоо хоногоос иргэдэд түгээх ажлыг эхлүүлнэ” гэв.
"Дүүжин тээврийг улсын комисс хоёр үе шаттайгаар хүлээж авна. Туршилтын хугацаанд техникийн алдаа гарвал засвар үйлчилгээг хийж, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал бий" хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих