Прокурорын байгууллага есдүгээр сарын 21-25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,815 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,381 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 799 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 71
- Өмчлөх эрхийн эсрэг 59
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тав
- Авлигын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр дөрөв
- Хүний амьд явах эрхийн эсрэг гурав
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг:
Б.У нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны наймдугаар сарын 20-ноос 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих