Нийслэл хотод өнөөдрийн байдлаар гурван нүхэн гарцын байршилд барилга угсралтын ажил үргэлжилж буй. Эдгээр нь ашиглалтад орсноор тухайн бүсийн авто замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулах тухай НТУГ-аас мэдээлэв.
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай шууд холбох шинэ замын холбоос бий болох бөгөөд жолооч нар өмнөхөөсөө богино чиглэлээр зорчих боломжтой болж, тухайн орчмын замын ачааллыг 11 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Тус нүхэн гарцаар өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 24,775-27,500 орчим байх гэнэ.
Хермес төвийн урд нүхэн гарцыг байгуулснаар Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай шинээр холбоно. Ингэснээр төмөр замын хоёр талын хөдөлгөөнийг шинэ чиглэлээр хуваарилж, тухайн орчмын замын ачааллыг 17.6 хувь, Нарны замын ачааллыг 16.1 хувиар бууруулах тооцоолол гарчээ. Мөн уг чиглэлээр өдөрт 33 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрнэ.
Харин Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор автомашины дундаж хүлээлгийн хугацаа 120 секундээс 38 секунд болж буурчээ. Өмнө нь тухайн орчмын төмөр замын гарам хаагдах үед машины урт дараалал үүсдэг байсан бол өнөөдөр өдөрт хөдөлгөөний эрчим 45 мянга орчим тээврийн хэрэгсэлд хүрч, урсгал нэмэгджээ.
Нүхэн гарцууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн хурд, хөдөлгөөний тогтмол байдал сайжирч, автомашины сул зогсолт багассанаар жилд 475-865 сая төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна.
Төмөр зам доогуур нүхэн гарц барих үндэслэл нь ачаалал ихтэй төмөр замын гармуудын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэдэг байна. Тухайлбал 2016 онд төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 6 гарсан бол 2017 онд 10 осол бүртгэгдэж, нэг хүн нас барсан тухай судалгаа бий. Түүнчлэн нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас болж өдөрт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хотын түгжрэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон байна.
Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн тунель байгуулах асуудал бус, холбоос авто замууд, явган хүний нэг түвшний болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо, хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, ус зайлуулах систем, явган дугуйн зам, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан, шилэн кабель зэрэг инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг багтаасан зам, замын байгууламж ажээ.

Сэтгэгдэл бичих