БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын барилгачдын холбоо, Тээврийн судалгааны хүрээлэн, KOTI тэргүүтэй Консорциумын баг хамт олон болон Монголын талын холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хамтран “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө”-г боловсруулах эцсийн тайланг илтгэжээ.
Төслийн судалгаа, шинжилгээний үр дүн, мастер төлөвлөгөөний үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, тэргүүлэх төслүүдийг мэргэжилтнүүд танилцуулж, эцсийн тайланг боловсруулж дуусгахаас өмнө холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг авч байгаа аж.
Замын хөдөлгөөний судалгааны талаар БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Ли Хүн Ки: Замын хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө дэд бүтцийн хөгжлийг чухалчлах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал нийтийн тээврийн ухаалаг тээврийн систем буюу (ITS)-ийн дэд бүтцийг өргөжүүлж, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн мэдээлэл, өгөгдлийг уялдуулан ашиглах нь чухал. Ингэснээр тээврийн хэрэгслийн төрөл бүрийн хөдөлгөөнийг нэг системээр зохицуулах, хувийн болон нийтийн тээврийн хэрэгслийг хооронд нь үр дүнтэй холбох боломж бүрдэх юм.
"Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хүрээнд 10 төрлийн судалгааг хийсэн. Эдгээрээс онцолбол Мобайлд суурилсан судалгаа юм. IT технологийг ашиглаж хийсэн энэхүү судалгаагаар иргэдийн өдөр тутмын зорчилтын тоо, чиглэл болон хөдөлгөөний хэв маягийг бодит өгөгдөлд тулгуурлан судлах боломжтой байсан. Судалгаанаас гарсан мэдээллийг ашиглаж замын хөдөлгөөний төлөвлөлтийг бодитой, оновчтой хийх нөхцөл бүрдсэн юм.
Тиймээс энэхүү Мобайл судалгааны үр дүнд үндэслэж иргэдийн зорчилт хөдөлгөөнийг илүү нарийвчлалтай тусгасан, бодит мэдээлэлд тулгуурласан найдвартай замын хөдөлгөөнийг судалгааг боловсруулж чадсан гэж хэлж болно.
БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн Яамны гадаад дахь барилгын үйл ажиллагааг дэмжих албаны багийн ахлагч Хон Жон Гил "Улаанбаатар хотод хувийн тээврийн хэрэгслийн зорчилт нэмэгдэж байна. Хувийн автомашины хэрэглээ өсөхийн хэрээр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс гадна агаарын чанарт сөргөөр нөлөөлөх зэрэг олон асуудал үүсэх болсон. Иймд хувийн тээврийн хэрэгслийн зорчилтыг бууруулж, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болж байна.
Үүний тулд нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрөл, чиглэл, үйлчилгээний чанарыг хөгжүүлж, олон төрөлт уялдаа холбоо бүхий тээврийн нэгдсэн системийг бий болгох нь чухал.
"Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төсөлд дээрх асуудлуудыг цогцоор нь тусгаж шийдвэрлэх гарц, шийдлүүдийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
НТБГ-аас мэдээлснээр өдөрт 1,160 гаруй автобус үйлчилгээнд явдаг аж.

Сэтгэгдэл бичих