Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна


9-р сарын 23
16 цаг 09 минут

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос энэ оны долоодугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг манай улс 1998 онд баталсан. Энэ хугацаанд хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйлчлэх хүрээнд хамаарах 31661 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээн 931 хүнд 43 тэрбум 780 мянган төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарчээ.

 

Энэхүү нөхөн олговрыг хэлмэгдэгсэд өөрт, эсвэл түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нарынх нь нэхэмжлэлээр олгож ирсэн. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж зааснаас үүдэн хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүн 24 хүн, төрсөн болон үрчилж авсан 27 хүн нэхэмжлэл гаргаж нөхөн олговор авч чадаагүй байна. Тэдгээр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, нөхөх олговор олгуулах үүднээс төслийг санаачилсан хэмээн хууль санаачлагч УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж илтгэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодруулж, цаг үеэ олсон хуулийн төсөл оруулж ирсэн нь зөв, хэлмэгдэгчдийг цагаатгасан талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах чухал гэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хорооноос нэн даруй Тусгай хяналтын дэд хороог байгуулах шаардлагатайг онцоллоо. Ойрын хугацаанд дэд хороог байгуулахаар ажиллаж байгаа, уг дэд хорооны үүрэг, оролцоо чухал гэж байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм. 


Ийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар хуулийн төслийг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Тэд хэлмэгдүүлэлтийг өргөн цар хүрээтэй авч үзэх, хуулийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, хугацаа заахгүй байх, нөхөн олговрын хэмжээ 20 жилийн өмнөхөөрөө байгааг анхаарах, ядаж хоёр сая төгрөг болгох, газар олгох, дахин хэлмэгдүүлэлт үйлдэгдэхгүй байхад анхаарах, соёлын өвийг сэргээх зэрэг асуудлыг хөндөв. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна49 минут 42 секундын өмнөЗ.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо50 минут 15 секундын өмнөБНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа50 минут 52 секундын өмнөДизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв51 минут 15 секундын өмнөГэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв51 минут 53 секундын өмнөМонгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв53 минут 24 секундын өмнөСуурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна53 минут 50 секундын өмнөХэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна54 минут 33 секундын өмнөӨвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ55 минут 25 секундын өмнөБИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА57 минут 14 секундын өмнөХотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ2 цаг 4 минутын өмнөОлны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.