Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулахаар болоод буй.
Эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өчигдөр(2026.09.21) тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна.
Дулааны цахилгаан станц нь 24 МВт хүчин чадалтай үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангаж, жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээх бол цэвэрлэх байгууламж нь ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх 6,700м³ / хоног хүчин чадалтай бөгөөд 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөгджээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх бол хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ.
Үйлдвэр нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх аж.

Сэтгэгдэл бичих