Сэлэнгэ аймгийн “Асгатын дов” уламжлалт эмнэлгээс хэвтэн эмчлүүлэгчдийн дунд “Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” өдөрлөг зохион байгуулж, эмчилгээний үед зөв хооллохын ач холбогдлыг таниуллаа.
Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн онцлог, өвчний байдлыг харгалзан эмчилгээ, хооллолтыг уялдуулахыг чухалчилдаг. Тиймээс эмчилгээний зэрэгцээ ямар хүнс хэрэглэх, хэмжээг нь хэрхэн тохируулах, хэдийд хооллох нь эмчилгээний үр дүнд нөлөөлдөг байна. Өдөрлөгөөр энэ талаар эмчлүүлэгчдэд мэдээлэл өгч, зөв хооллолтын талаар зөвлөгөө өгчээ.
Энэ үеэр өвчний онцлогт тохирсон хоолны дэглэм баримтлах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, хооллох цагийн хуваарийг мөрдөх, орц найрлагын хэмжээг тохируулах талаар зөвлөгөө өглөө. Мөн давс, элсэн чихэр, өөх тосны хэрэглээг зохистой хэмжээнд байлгахыг зөвлөжээ. Эдгээр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд төдийгүй эмчилгээ дууссаны дараа өдөр тутамдаа хэвшүүлж болох энгийн дадал юм.
Мөн эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн багаас эмчилгээний үед хэрэглэхэд тохиромжтой, шим тэжээлийн хэрэгцээг харгалзан бэлтгэсэн хоол, хүнсийг танилцууллаа. Хоол хүнсээ зөв сонгон хэрэглэх нь бие махбодод шаардлагатай шим тэжээлийг нөхөж, эмчилгээний үр дүнг дэмжих ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн байна. Тус эмнэлэг эмчилгээний хоолыг өвчтөний хоолны хэрэгцээг хангахаас гадна эмчилгээний нэг хэсэг гэж үздэг байна.
Иргэдийн хувьд эрүүл хооллолтыг өвдсөний дараа бус, өвдөхөөс өмнө өдөр тутмын амьдралын хэвшил болгох нь чухал. Өдөр тутмын хоол хүнсэндээ давс, сахар, өөх тосыг хэтрүүлэхгүй хэрэглэх, хоолны хэмжээг тохируулах, тогтмол цагт хооллох, хүнсний бүтээгдэхүүний чанар, найрлагад анхаарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн дадал юм.
Тус өдөрлөгийг ЭМТҮЧАБ-ын ахлагч А.Өлзийцэцэг, хоол үйлдвэрлэлийн багийн ажилтан А.Наранчимэг, Д.Амармөрөн нар хамтран зохион байгуулж, эрүүл хооллолтын ач холбогдлыг эмчлүүлэгчдэд таниуллаа.

Сэтгэгдэл бичих