“Хялгасан хуурын уламжлал, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Үндэсний номын сангийн Салбар номын санд өнөөдөр боллоо.
СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулиас зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь морин хуурын талаарх судалгааг улам гүнзгийрүүлж, баяжуулахын зэрэгцээ түүний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг дээдэлж, дэлгэрүүлэх тухай” 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 9 дүгээр зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын хуур хөгжмийн зэмсгийн судалгааны сан бүрдүүлэлт” төслийг хэрэгжүүлж байна.
СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Морин хуур судлалын төвийн эрхлэгч, доктор Н.Магсаржав, “Одоогийн байдлаар орон нутгийн музейнүүдийн мэдээллийг нэгтгэн үзэхэд 97 орчим хуурын төрөл зэмсгийн бүртгэл мэдээлэл цугларсан байна. Үүнийг бүс нутгаар нь ангилан авч үзвэл, Ойрадын бүс нутаг буюу Увс, Ховд зэрэг баруун аймгуудад ихэл хуур, Хэнтий, Дорнод, Хөвсгөл зэрэг нутгуудад сугавч хуур, говийн аймгуудад боржигон хуур, Архангай, Төвийн бүсийн зарим нутагт шанаган хуур зэрэг төрөл зүйл тархсан байна” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Монголчуудын хуурын төрөл хөгжмийн зэмсгийн судалгааг авч үзэхэд морин хуурын судалгаа харьцангуй түлхүү хийгдсэн байдаг. Харин бусад төрлийн хуурын судалгаа орхигдсон тал ажиглагддаг. Тиймээс Морин хуур судлалын төвийн баримталж буй хамгийн зорилго нь Монголын бүх төрлийн хуурын талаарх мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм. Дараагийн шатанд уг мэдээллийг төрөлжүүлэн ангилж, хийц бүтэц, урлал, хөг, дүрслэл, тархалт, түүх, угсаатны зүй болон бусад судалгааны чиглэлээр системтэй болгон судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай. Цаашид дата, мэдээллийг системтэй цуглуулж, нэгтгэн боловсруулснаар Монголын хөгжмийн зэмсгийн, тэр дундаа хуурын төрөл зэмсгийн суурь судалгааг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна” гэв.
Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Соёлын тэргүүний ажилтан Ц.Соёл-Эрдэнэ ярихдаа, “Сүүлийн үед морин хуурын өв соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулан өвлүүлэхэд төр, эрдэм шинжилгээ, соёл урлагийн салбарынхан анхаарч байна. Бид цагаан сарын өглөө, төрийн ёслол хүндэтгэл, баяр наадам зэрэг олон уламжлалт үйл ажиллагаанд морин хуурыг эгшиглүүлдэг. Энэ уламжлал нь морин хуур Монголын ард түмний амьдрал, ахуй соёлтой хэр гүн холбоотой болохыг харуулдаг. Миний аав Ц.Цэрэндорж 1992 онд морин хууртай холбоотой төрийн бодлогын эхлэлийг тавьж, зарлиг гаргаснаас хойш энэ уламжлал тасралтгүй үргэлжилж ирсэн. Өнөөдөр энэ үйл явцын 30 гаруй жилийн түүхийг эргэн харж, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Монголчуудын баяр наадам, найр цэнгэл, уртын дуу, бүжиг зэрэг уламжлалт урлагийн олон төрөл морин хуурын эгшигтэй салшгүй холбоотой. Тиймээс морин хуур Монголын соёлын нэгэн салшгүй хэсэг төдийгүй бидний үндэсний өв төдийгүй оюуны үнэт өвийн нэг юм. Морин хуурыг зөвхөн хөгжмийн зэмсэг талаас нь бус, Монголын түүх, соёл, зан заншил, төрийн ёслол, урлагийн өвтэй нь холбон цогцоор нь авч үзэх хэрэгтэй” гэв.
Мөн морин хуур үйлдвэрлэлийн суурь стандарт, стандартын шаардлага, норм, норматив болон холбогдох баримт бичгийг боловсруулж, салбарын хэмжээнд мөрдүүлэх нь нэн чухал байна. Энэ нь морин хуурын хийц, чанар, үйлдвэрлэлийн технологи, уламжлалт арга барилыг хамгаалах, цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцлов.
Тус хуралд хуур урлаач, өвлөн уламжлагч, салбарын мэргэжилтнүүд оролцож, хялгасан хуурын төрөл зүйл, язгуур шинж, уламжлалт нэршил, хийц бүтээц, хуурын өвийг хадгалан хамгаалах, дэлгэрүүлэх арга зам, сургалт, судалгаа болон судлаач, өвлөн уламжлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих