Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хамтран “Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх нь” сэдэвт Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форумыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өнөөдөр зохион байгууллаа.
Форумд оролцогчид хэвлэл мэдээлэл бол улс орнуудын харилцааг холбох гүүр, ард түмнийг ойртуулах чухал холбоос гэдэгт санал нэгдэж, Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал хөдөлгөгч хүч болохыг онцоллоо.
Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд бодитой, үнэн зөв мэдээлэх зарчмыг баримталж, Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь зүйтэйг тэмдэглэв. Түүнчлэн энэ удаагийн форумаас дэвшүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлага, хиймэл оюун ухаанаар орлуулж үл болох мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг бодитоор хэрэгжүүлж, хоёр орны хөгжлийн ололт амжилтыг ард иргэдэд харилцан таниулах, харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай хэмээгээд Монгол, Хятадын найрамдлын бат бөх суурийг хамтдаа бэхжүүлж, хоёр орны урагшлан хөгжих явцад эерэг хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэхийг уриалав.
Форумд Монгол, Хятатын хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй төлөөлөгч, зочин оролцож, 14 төлөөлөгч илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Хятад хэлний редакц болон "Мөнгү Шяоши Бао" сонины ахлах редактор, доктор Б.Мөнхтуул энэ удаагийн форумд Монголын талыг төлөөлж үндсэн илтгэл тавив. Тэрбээр агентлагийн үндсэн үйл ажиллагаа, гадаад харилцааны өнөөгийн байдлаар танилцуулж, тус агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлагтай 1958 онд мэдээ солилцох гэрээг байгуулснаар өнөөгийн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын найрсаг хамтын ажиллагааны суурийг тавьсныг онцлон тэмдэглэв.
Хурлын үеэр хоёр орны зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны чухал байнгын механизм болон хөгжиж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг бэхжүүлэх чухал гүүр болжээ.
Форумын дараа Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Орны болон Сычуань мужийн холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зочлон, танилцах айлчлал хийх юм.

Сэтгэгдэл бичих