Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна


9-р сарын 8
16 цаг 27 минут

Байнгын хорооны хурал 51.7 хувьтайгаар эхэллээ. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ тодотголын том бүрэлдэхүүн хэсэг болох стратегийн зарим бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тогтворжуулна гэж 150 тэрбум төгрөгийг тусгаж байгаа. Нийт 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлнэ. Хүнсний ногооны 12 мянган тонн ногоо, 20 мянган тонн мах, 20 мянган тоннын зоорь агуулах, 299,725 м.куб гэсэн таван зүйлд энэ төсвийг зарцуулахаар тусгажээ. Хэрвээ асуудал хүндэрвэл ямар цаг хугацаанд хэдэн хоногийн нөөц болж чадах вэ. Нийслэлд махны нөөц бэлддэг. Үүнд 10 гаруй тэрбум төгрөг олгож байгаа. Энэ мөнгийг ахиу болгож, татаасаар бус энэ мөнгөөр нь мах бэлтгэж, хямд үнээр зарах бодлого хэрэгжүүлж болохгүй юу. Эдгээр стратегийн нөөц бүрдүүлснээр инфляцад эерэг нөлөө хэр үзүүлэх бол?

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Төсвийн тодотголд 1.4 их наяд төгрөг тусгаснаас 150 орчим тэрбум төгрөгийг хүнсний салбарт зориулна. Инфляцад хүчтэй нөлөө үзүүлж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилготой. Дэлхийн геополитикийн амаргүй цаг үед улсын хүнсний нөөцийг бүрдүүлэхийг зорьсон. Таван төрлийн нөөц бүрдүүлнэ. Дотоодын хэдэн сарын хэрэгцээг хангана гэхээсээ илүү инфляцад нөлөөлж эхлэх мөчлөгийн үед зах зээлд нийлүүлнэ. Нийслэлээс нөөцийн мах бэлтгэхдээ арай өөрөөр зохицуулах ажлыг хийж байгаа. Энэ жилийн хувьд төрөөс олгож байгаа 15-20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэж, 2027 оны гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зах зээлд нийлүүлнэ. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Төсвийн тодотголд тусгаагүй хоёр асуудлаас эхэлье. Байнгын хороо нэгдсэн байр суурьтай байх ёстой. Ямар аргаар саналаа уламжлах ёстой вэ. 2026 оны зургадугаар сард зарим нь сайд хийж байгаа хүмүүс Малчны тухай хууль гэж сайхан нэртэй хуулийг батлаад, өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна гэдэг асуудлыг малчид хэлж байна. Аргаа бараад сонсгол хийж, баахан ярьсан. Бид долдугаар сарын 2-нд тогтоолоор Засгийн газарт тодорхой чиглэл хүргүүлсэн. Энэ талаарх нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг төсвийн тодотгол дээр оруулж ирэх болов уу гэж олон малчин харж байгаа. ГБХНХЯ, Сангийн яам ямар байр суурьтай байна вэ. Тодорхой хариулт өгөөч. Сайд нарын багцаас мөнгө хасахад хэцүү байна гээд байсан чинь 433 тэрбумаар хасчихдаг юм байна шүү дээ. Сайдын багцаар ямар ямар төсөл хасагдсан бэ гэдгийг тодруулъя. "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг байнга ад үзэх юм. Энэ хөдөлгөөн үргэлжлэх үү?

Сангийн яамны ТНБД М.Санжаадорж:

-Малчны тухай хууль 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Энэ хуулийн 4.2.9 зүйлд хуульд заасан өндөр настны тэтгэвэр тогтоолгоогүй малчин тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэж ерөнхий байдлаар заасан. Гэхдээ энэ хуулийнхаа 16.1 заалтад энэ хуулийн 4.2.9 заасан заалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл дагаж мөрдөнө гэсэн. Ийм заалттай хууль батлагдаж, мөрдөгдсөн. Өөрөөр хэлбэл, нэг жил хагасын хугацаанд журам батлагдах ёстой байсан. Журам батлагдсан тохиолдолд холбогдох зардлыг төсөвт тусгаад явах боломжтой байсан. Одоогийн байдлаар энэ хуулийн дагаж мөрдөх хугацаа дууссан байна. Малчны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхэд эхний ээлжинд орлого олж ирнэ. Малчид нөхөн төлүүлээд ойролцоогоор 30 тэрбум төгрөгийн зарцуулна гэсэн тооцоо байдаг. Гэхдээ дараа жилээс нь эхлээд жил болгон зарлага 130 тэрбумаас дээшээ гарах тооцоо байсан. ГБХНХЯ-наас илүү олон жил тогтвортой нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол өндөр суурь тэтгэвэр авдаг жишиг рүү явна гэсэн. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Таван төрлийн зүйлийг нэг жил худалдаж аваад зогсохгүй. Стратегийн улаанбуудайны нөөц чанартай байгаад эргээд гурил болж, мөнгө болоод л ороод ирнэ. Тэгэхээр 2026 оны төсвийн тодотголын мөнгө хавар, намрын улиралд болон борлуулалт дээр нь дэм болж өгнө. 

Сангийн яамны ТНБД М.Санжаадорж:

-"Шинэ хоршоо" хөдөлгөөний татаас дээр 2026 оны улсын төсвийн тодотгол дээр 75.9 тэрбум төгрөгийг тусгасан. Батлагдсан дүнг бууруулаагүй. Өмнө нь авсан хүмүүсийн зээлийн хүүгийн татаас байгаа. Зээлийн хүү нэмэгдэх эрсдэл байхгүй. Малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл болон бэлчээр судлалын чиглэлээр төрийн өмчийн их сургуульд үнэгүй сургах зохицуулалттай. Энэ агуулгаар Боловсролын яаман дээр журам батлагдах ёстой. Тэргүүлэх чиглэлд энэ мэргэжлүүд орж байгаа учраас оюутнууд суралцаж байгаа. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Аймгуудтай холбоотой хөрөнгө оруулалтын 30-аад тэрбум төгрөг хасагдсан нь хэмнэлтийн 230 хэдэн тэрбумд орж байгаа. Урсгал зардлаас юм хасагдаагүй. Бид одоо сүүний урамшууллаа огт өгөөгүй байгаа. Төсвийн тодотголын дараа олгоно. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр 14.1 тэрбум төгрөг яаман дээр танажээ. ХХААХҮЯ дээр 30.7 тэрбум төгрөг танасан байна. Ирэх оны төсөв дээр энэ таналтад орсон төслүүдээ дахин тусгах уу. ТЭЗҮ, зураг төсөв нь юуных байсан бэ?

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:

-Төсвийн тодотгол дээр нэг ТЭЗҮ байгаа. Мал эмнэлгийн 17 тэрбумын өртэй байна. Тийм учраас зарим нэг зүйлийг хасч, мал эмнэлгийн 10 тэрбумын өрийг дарж зохицуулсан. Гадаадын зээл тусламжийн хөрөнгийг энэ техник, ТЭЗҮ дээр тусгуулахаар ажиллаж байна. Ирэх оны төсөв дээр энэ орхигдсон төслийн ихэнх нь ороогүй. Харин тулгамдаж байгаа арьс ширний үйлдвэрлэл, мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, вакцинаа дотооддоо үйлдвэрлэх ажилд оруулж байгаа. Тоног төхөөрөмж тодорхой хэмжээнд тусгагдсан. 

Шүлхий бол Монголын мал аж ахуйн зовлон болсон нь үнэн. Шүлхийн тарилга жилдээ хоёр удаа хийгддэг. Өнгөрсөн 2025 оны тарилга бол дүн өвлөөр хийгдсэн учраас чанаргүй болсон гэж үзэж байгаа. Тийм учраас шүлхийн О хэвшил бог мал руугаа орсон. Маш төвөгтэй байдалтай байна. Түүн дээр нь нэмээд САТ1 хэвшил орж ирсэн. Баруун аймгуудаар цэгцэлсэн бол зүүн аймгуудаар шуурхай арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаа өвчний дэгдэлт байхгүй байна. Гэхдээ энэ бол бог мал дээр мэр сэр гарч байна. Дундговь, Баянхонгор, Төв аймгийн нутгаар гарч байна. Яг одоо гараагүй гэсэн мэдээтэй байна. Одоо ингээд намрын тарилга эхэлнэ. Есдүгээр сарын 11-нд 2.5 сая тун буюу О болон САТ хэвшлийг хавсаргасан вакциныг нэг сарын хугацаанд 6 сая гаруй үхрийг тарихаар бэлтгэл ажлаа хангалаа. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Төв, Говьсүмбэр, Улаанбаатар хот орчим гэсэн газруудад вакциныг хүргүүлнэ. Эндээс бид үр дүн хүлээж байгаа. Малчид өвөл малд вакцин тарихаар маш их ядардаг. Одоо бол намрын цагт эсэргүүцэл гаргахгүй байх. Шүлхийн О хэвшлийн вакцины үнэ 1500 байсан бол хавсарсан вакцин хоёр дахин үнэтэй байна. Тийм учраас биокомбинатын асуудлаа дотооддоо яаралтай шийдэх хэрэгтэй. Үндсэндээ 30 тэрбум төгрөгийн шүлхийн вакцинд тусгадаг. Энэ жил хоёр хэвшил дэгдсэн учраас зардал 60-70 хувиар нэмэгдэж байна. Бид 6 сая үхрийн хавсарсан вакциныг хийсний дараа 450 мянган тун вакциныг нөөцөнд авч үлдэх юм. Цаашдаа хонин дээр дэгдэж байгаа О хэвшлийн вакциныг гадаадын байгууллагаас дэмжлэг хүсч, 200 мянган тунг авч үлдэнэ. Бид төлөвлөсний дагуу 2027 оны намраас өөрсдийн савласан вакцинтай золгохыг зорьж ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн зөрүү ямар байна вэ. 150 тэрбум төгрөгөөс нөөцийн махандаа хангалттай зарцуулж чадах уу. Үнийн зөрүү бараг арилж чадаагүй байна. Бодит үр дүнгээ өгч чадах уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо45 минут 24 секундын өмнө334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ47 минутын өмнөОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ1 цаг 1 минутын өмнөМонгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна1 цаг 3 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 5 минутын өмнөӨнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ1 цаг 6 минутын өмнөХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ1 цаг 6 минутын өмнөХятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна1 цаг 7 минутын өмнөАН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа1 цаг 8 минутын өмнөИнфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна1 цаг 9 минутын өмнөНэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.