ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж энэ хичээлийн жилд 17 мэргэжлээр 395 суралцагч элсүүлж, үүний зэрэгцээ “Ойн техникч” мэргэжлээр хосмог сургалтыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.
Тус коллеж мэргэжлийн боловсрол олгох гурван жилийн хөтөлбөрөөр 10, нэг жилийн хөтөлбөрөөр 7, техникийн боловсрол олгох хөтөлбөрөөр хоёр мэргэжлээр элсэлт авчээ.
Мөн энэ хичээлийн жилээс “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг ойн мэргэжлийн хөтөлбөрт хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төслийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд “Ойн техникч” мэргэжлээр хосмог сургалтыг туршилтаар эхлүүлж, энэ хичээлийн жилд 15 суралцагч элсүүлжээ.
Хосмог сургалт нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон ажил олгогч аж ахуйн нэгжийн орчинд зэрэг явуулж, онолын мэдлэгийг ажлын байран дээрх дадлага, сургалттай хослуулдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, суралцагчийг мэргэжлийн ур чадвартай ажилтан болгон бэлтгэхэд сургууль, ажил олгогчийн хамтын ажиллагаанд тулгуурладаг сургалтын хэлбэр юм. “Ойн техникч” хосмог сургалтын суралцагчид нэг жил зургаан сарын хугацаанд суралцаж, мэргэжил эзэмшин төгсөнө.
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж байгуулагдсан цагаасаа хойш 52 жилийн хугацаанд 35 мэргэжлээр 16 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ.
Тус коллеж 2024-2025 оны хичээлийн жилд 26 мэргэжлийн хөтөлбөрөөр 779 суралцагч сургаж, 13 мэргэжлийн хөтөлбөрөөр 172 мэргэжилтэй ажилтан бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна.

Сэтгэгдэл бичих